Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: НДШ-ийг 2%-аар нэмэгдүүлснийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс цуцлахыг шаардав

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны мэргэжил үйлдвэрлэлийн 13 салбар холбооны төлөөлөл НДШ-ийн 2%-ийн нэмэгдлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийн төсөлд "2021 оны 1 сарын 1-нээс эхлэн мөрдөх"-өөр тусгах саналыг баталж өгөхийг шаардан өнөөдөр Төв талбайд суулт зарлаж, УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүллээ. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа бөгөөд НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хугацааг энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлүүлэхэд парламентын гишүүд санал нэгдээд байгаа билээ. 

2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг цар тахалтай холбоотойгоор өмнөх буюу 8.5 хувиар төлж байгаа. Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэлгүй 8.5 хувиар нь үлдээх тухай асуудлыг хуулийн төсөлд тусгасан юм.  

"МҮЭХ хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч энэ шийдвэр нь хэрэгжээгүй таван сар өнгөрч байна. Иймээс өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүдэд МҮЭХ-ноос мэдэгдэл хүргүүлж буйгаа " МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ.

Тэрбээр "Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага боловсрол, эрүүл мэнд бусад төсөвт байгууллагын НДШ-ийн өр ихээхэн хэмжээгээр хуримтлагдсан, ажилтнуудын цалин хөлс буурч, орон сууц болон бусад зээлийн өр төлбөрөө барагдуулж чадахгүй байдалд хүрч байна. Иймд НДШ-ийн 2%-ийн нэмэгдлийг төр, төсвийн, хувийн хэвшил гэж ялгаварлахгүй цуцалж тус хуулийн өөрчлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэхийг дахин мэдэгдэж байна. Уг асуудлыг нэг өдрийн өмнө ч гэсэн шийдэх хэрэгтэй" гэв. 

Монголын Боловсрол шинжлэх ухаан үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл "2017 оноос хойш нийгмийн даатгалын асуудлаар тэмцэх тэмцэл өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна. Халдварын зэрэг буурсан учраас МҮЭ-ийн холбооны мэргэжил үйлдвэрлэлийн 13 салбар холбооны дарга нар өнөөдөр 240 гаруй мянган гишүүнээ төлөөлөн НДШ-ийг бууруулахыг шаардан ийнхүү тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байна. Үдээс хойш МЭХ-ны тэргүүлэгчдийн хурал болно. Тус хурлаар энэхүү тэмцлээ цаашид хэрхэн өрнүүлэх вэ гэдгээ ярилцаж шийднэ” гэв.

 
МҮЭХ
ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг