Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Ц.Анандбазар бүрэн эрхээ түдгэлзүүлээд шалгуулах ёстой. С.Батболдыг хуулийн байгууллага шалгаж байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургуудыг mpa.mn

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх TV9 телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд орсон юм. Тэрбээр ярилцлагын үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нартай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлэв.

У.Хүрэлсүх: Би Ц.Анандбазартай холбоотой асуудлыг холбогдох газарт нь хэлж байгаа. Гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуул гэж. Гэхдээ гишүүнээс түдгэлзэх эсэх нь тухайн УИХ-ын гишүүний өөрийнх нь шийдэх асуудал. Өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ. Эсвэл хууль хяналтын байгууллага энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгана. Ийм хоёр л зам байгаа.

Одоо бол нөхөр Ц.Анандбазарыг иргэдийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Хэрэв энэ хүн гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирнэ. Тиймээс намын даргын хувьд энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр сууриа илэрхийлсэн.

Үгүй бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ярьж байгаа. Шалгуул. Гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авна.

Мөн нөхөр С.Батболдын оффшорын тухай асуудал байна. Би “Та оффшортой холбоотой асуудлаа хууль хяналтын байгууллагад шалгуул. Таны наад оффшорын асуудал МАН-ын болон улс орны нэр хүндтэй холбогдож байна” гэж өөрт нь хэлсэн. Энэ асуудлыг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа юм билээ. Шалгаж байгаа гэдэг мэдээллийг би авсан.

Буруутай эсэх шийдвэрийг шүүх гаргана. Хэрэв буруутай гэдэг эцсийн шийд гарвал тэдгээр хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Улс төрийн хариуцлага гэж байна. Дахин нэр дэвшүүлэхгүй байх, намаас хасах зэрэг улс төрийн хариуцлагыг шат шатандаа тооцож явах ёстой.