Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймаг дөрөвдүгээр сарын 25-н хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ганц аймаг Говь-Алтай болоод байна.

Тус аймгийн зэргэлдээх Ховд аймагт COVID-19-ийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 25-н хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Онцгой комисс нь гаргалаа. Түүнчлэн аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.

COVID-19 халдварын голомт болсон Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн гурав дахь удаагийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд бууруулж, нийслэлээс орон нутаг руу гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээснээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын 19 аймагт халдвар тархаж, 0-17 насны 400 гаруй хүүхэд орон нутагт өвчлөөд буй.

Инфографик. Аймгуудын газрын зураг дээр дарж, халдвар бүртгэгдсэн хугацааны талаарх мэдээллийг харах боломжтой. (Коронавирус бүртгэгдсэн аймгуудыг улаанаар тэмдэглэв)

Өмнөговь аймагт халдварын хоёр тохиолдол батлагдсан ч ЭМЯ албан ёсоор тус аймагт халдвар гарсан гэж бүртгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр коронавирусийн халдвар Говь-Алтайгаас бусад бүх баймагт бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 18,565 байгаагаас 18,002 нь дотоодын халдвар байна. Гуравдугаар сарын 31-нээс хойш коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаад 26 хүн нас барснаас хамгийн залуу нь 20 настай байгаа юм.

COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг орон даяар эхлүүлсэн ч вакцины эхний тунгаа тариулсан 2,300 гаруй хүн халдвар аваад байна.

Тиймээс вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүх, хүн хоорондын зай байрих зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстойг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байгаа юм.