Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон нуур орчмын 1,008 айлын 21 давхар орон сууцыг барихад бэлэн болжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Төслийн бүтээн байгуулалтын шавыг энэ сард тавих байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд "Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84,833.6 м.кв талбай бүхий  21 давхар, зоорьтой, найман блок барилга болон авто зам, авто зогсоол, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ.

Одоогоор төслийн барилгын талбайд орсон 11 айлтай гурван талт гэрээ байгуулсан байна. Харин долоон айл газар чөлөөлөлтөө хийж, дөрвөн айлын газар чөлөөлөлтийн гэрээг холбогдох газруудаар хянуулан, баталгаажуулж, дөрөвдүгээр сард багтаан нүүх, ариутгал, цэвэрлэгээг хийх ажил явагдаж байгаа аж.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ИТА болон БНХАУ-ын менежментийн багийн ажилтнуудын байрлах түр байр, инженерийн байгууламжийг бэлэн болгожээ.

Барилгажих талбайн орц чөлөөлөх, дэд станц зөөх, шилжүүлэх, түр цахилгаан буюу барилгын хоёрдугаар эх үүсвэрийн ажлыг дуусгажээ.

Мөн автобусны буудал шилжүүлэх орц гарц хийх ажлыг мөн гүйцэтгэжээ. Тодруулж хэлбэл “Цагаан байрны зүүн талын автобусны буудал шилжүүлэх орц, гарц гаргах” ажлыг батлагдсан зураг төсөл, стандартын дагуу гүйцэтгэж, 2020 оны 11 дүгээр сарын 10-нд ашиглалтад оруулсан байна.

Буурь, хөрс, суурь хөрсний ус шүүрүүлэх ажлыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд барилгын талбайд хяналтын цооног өрөмдөх, усны ундарга тогтоох, дүгнэлт гаргажээ.