Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 тархсан аймгийн тоо 16 болсон ч өнгөрсөн хоногт 8 аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
00:00 00:00
COVID-19 тархсан аймгийн тоо 16 болсон ч өнгөрсөн хоногт 8 аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна
Sara, ikon.mn - text to speech

Сүхбаатар аймагт коронавирусийн халдвар гуравдугаар сарын 31-нд бүртгэгдсэнээр COVID-19-халдвар тархсан аймгийн тоо 16 болсон хэдий ч өнгөрсөн 24 цагийн байдлаар 8 аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна. 

Тус аймгийн Мөнххаан суманд халдварын нийт 11 тохиолдол батлагдсан бөгөөд иргэдээ шинжилгээнд хамруулах ажлыг хийж байгаа аж. Тиймээс тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Наран, Халзан, Уулбаян сумдыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу "Улаан", Онгон, Дарьганга, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Баяндэлгэр сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын "Улбар шар" түвшинд шийлжүүлжээ.

Найман аймгийн тухайд Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Завхан, Увс, Өвөрхангай, Хэнтийгээс гадна Сүхбаатар аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна. 

График. Улаанбаатараас халдвар зөөвөрлөгдсөн аймгууд(Аймаг бүрийн нэр дээр дарж, зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдсэн мэдээллийг харах боломжтой)

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг гурвадугаар сарын 1-нд нээснээс хойш ийнхүү аймгуудад коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Халдварын тархалт эрчимжсэн тул 26 хоногийн дараа буюу гуравдугаар сарын 26-нд УОК нийслэлээс гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргаад буй

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот бүхэлдээ COVID-19 халдварын томоохон голомт болж, 7,658 тохиолдол нийслэлд бүртгэгдсэн. Эмнэлгүүдийн орны нөөц дуусаж, халдвар авсан иргэдийг гэрт нь тусгаарлаж эхлээд байгаа ч УОК хөл хорио тогтоох ямар нэгэн шийдвэр гаргахгүй, эдийн засгаа дэмжиж ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм.