Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Нүрмаа: Хүүхдийн паркийн баруун жигүүрийн хэсгийг ногоон байгууламж болгож, Түмэн эх чуулгын байр болон галерей барина

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн хашаан дахь үлдсэн газарт орон сууц барих гэж байна гэсэн мэдээлэл иргэдийг бухимдуулаад буй. Тус газарт үнэхээр орон сууц барих гэж байгаа эсэх талаар бид тодрууллаа.
 
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ талаар “Тухайн газар нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнх нь нэр дээр байдаг. Хот байгуулалт хөгжлийн газраас барилга барих зөвшөөрөл авсан уу гэдгийг тодруулах нь зүйтэй. Бидний хувьд газрыг зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Тухайн байгууллага нь газрын асуудлаар ямар нэгэн зөрчилгүй” гэлээ.
 
2015 онд нийслэлийн Засаг дарга “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д амралт зугаалга ногоон байгууламжийн зориулалтаар 314,265 мкв газрыг олгосон гэдгийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас хэлэв. Тус газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүүхдийн паркт аялал зугаалгын зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон олон зориулалтын талбайтай үйлчилгээний соёл амралтын газрын загвар зургийг 2018 онд баталжээ.
 
Харин одоогоор ямар нэгэн барилга барих зөвшөөрөл олгосон эсэх талаар “Хүүхдийн паркт барилга барих, эхлүүлэх талаар ямар нэгэн зөвшөөрөл манайхаас олгоогүй байна” гэсэн мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас өгөв. 
 
"Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа “Өнжмөл өвснүүд ихтэй. Тиймээс хөрсний цэвэрлэгээ хийсэн. Зүлэгжүүлэхийн тулд эхлээд хөрсний өнгөн хэсгээ цэвэрлэх шаардлагатай. Мод тайрсан зүйл байхгүй. Нэг ч мод сугалаагүй. Олон жилийн өмнө дан улиас тарьсан. Тус улиаснууд бүгд хэвээрээ байгаа.
 
Баруун жигүүрийн хэсгийг ногоон байгууламжтай болгоно. Одоогоор бид судалгааны ажлаа хийж байна. Нөгөө талд нь төсөл ярьж байгаа. Зураг төсөл бэлэн болохоор бүх юм тодорхой болно.
 
Түмэн эх чуулга манай харьяанд байдаг. Тиймээс байр барьж өгнө. Мөн галерей барих юм. Эдгээр нь 3-4 давхар байна. Түүнээс ямар нэгэн орон сууц барихгүй. Өндөр зочид буудал зэргийг барих гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл” гэдийг хэллээ.

СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөл Үндэсний соёл амралтын хүрээлэнг 2075 он хүртэл хувийн компанид өгсөн гэдгийг хэлэв.

Тэрбээр "Паркийг “Мон-Уран”, “Шангри Ла” авснаас үлдсэн хэсэг нь 31.5 га орчим газар. Анх газрын зөвшөөрлийг 2011 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын 198 тоот тушаалаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д өгсөн байна. Харин 2015 онд нийслэлийн Засаг даргын А902 тушаалаар 2011 онд сунгалт хийсэн байсан газрын зөвшөөрлийг хүчингүй болгож, 2075 он хүртэл буюу 60 жилээр зөвшөөрлийг нь сунгасан

Хэсэгхэн буланг амралт зугаалгын байдлаар тохижуулаад 80 хувь нь шороон байдалтай байна. Хот байгууулалт хөгжлийн газрын зөвшөөрлөөр "Улаанбаатар виллажи" орон сууц, үйлчилгээний цогцолбор барих гэж байна" гэв. 

Нью-Йоркийн архитекторын PAU компани "Улаанбаатар виллажи" нэртэй зураг төслийг гаргасан байна. Тус төслийн танилцуулгад уг газар нь Монголын үндэсний парктай зэрэгцээ оршино гэж тэмдэглэжээ.