Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй хүн бүр өөр өөрийн ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ...

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг

-Эмэгтэй хүн бүр өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй-

Дэлхий нийт жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдрийг "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Харин манай улс 1955 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэн ирсэн билээ.  

Энэхүү өдрийг тохиолдуулан гарааны бизнесээ амжилттай босгож, нийгэмд хувь нэмрээ оруулж яваа цөөхөн эмэгтэйг "Хүндлэлд хүйс хамааралгүй" аян онцолжээ. Бизнесийн салбарт мэдээж олон эмэгтэй ажилладаг. Харин цоо шинээр бизнес эхлүүлж, стартапыг амжилттай хөл дээр нь босгож буй эмэгтэй тийм ч олон биш ажээ. Тиймээс бид энэ салбарын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон зургаан бүсгүйтэй ажлын арга барил, гоо зүйн талаарх үзэл бодол зэрэг сэдвийн хүрээнд товчхон ярилцсанаа хүргэж байна. 



Б.Гэрэлмаа: Хэзээ нэгэн цагт хийж үзэх юмсан гэж боддог бизнес маань longevity буюу хүмүүсийн насжилтыг нэмэх
 

Steppe группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа:

Бизнесийн арга барил, бүтээж буй үнэ цэн, шинэ санааны талаарх онцлох эшлэл:

  • Steppe групп-ийн сүүлд ажиллаж буй төсөл бол behavioral finance, Machine Learning, blockchain ашиглан хөгжүүлж эхлээд буй хүрэлцээтэй санхүү, алтирнатив хөрөнгө оруулалтын платформ юм. Энэ бизнесийг эхлүүлэх болсон учир нь хөрөнгийн зах зээлийн үр ашиггүй байдлыг бууруулах, хүн бүрд нээлттэй бас эрх тэгш оролцоотой болон нэмэлт (lazy income) орлоготой болох цаашлаад зөвхөн институтийн хөрөнгө оруулагчид эсвэл их хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийн хувьд л боломжтой байсан хөрөнгүүдийг бүгдэд хүртээмжтэй болгoх явдал. 
  • Ходоодны мухартаа байнга хадгалж, хэзээ нэгэн цагт хийж үзэх юмсан гэж боддог бизнес маань longevity буюу хүмүүсийн насжилтыг нэмэх юм. Нэг ёсондоо мах бие бодь, сэтгэлийн эрүүл мэндийг ямар нэгэн өвчин гарахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар сайжруулах.
  • Хүн бүр өөрсдийн боломжоороо хөрөнгө оруулж, илүү баталгаатай, өгөөжтэй байж чадах санхүүгийн платформыг хийж байгаа нь манай бизнесийн бүтээж буй үнэ цэн. Төвлөрсөн биш илүү ардчилсан, бас тэгш оролцоотой, зөвхөн дотоодын гэлтгүй олон улсын зах зээлд олон төрлийн хөрөнгийн портфолио үүсгэх боломжтой болохын төлөө ажиллаж байна.
  • Улс орон хөгжихийн тулд ЖДҮ, стартапууд, залуу боловсон хүчнүүд санхүүгийн эрх чөлөөтэй, хадгаламжтай байх хэрэгтэй. Уг боломжийг бий болгохын тулд манай платформ ажилладаг. 
  • Хүмүүсийн дунд өнөөдөр хөрөнгийн эрс ялгаа их гарсан байгаа шиг боловсрол, мэдээллийн тэгш бус байдлын ялгаа ч их гарсан. Энэ зөрүүг санхүүгийн боловсрол, сахилга батаар системчлэн зааж өгснөөр бага ч гэсэн арилгах болов уу гэж найдаж байна.
  • КОВИД-ын үеэр ажиллахдаа сахилга бат болон уян хатан байдлыг маш сайн хослуулж сурсан. Манай баг хэд хэдэн улсад байдаг болохоор алсын зайнаас ажиллах хэцүү байгаагүй. Гэхдээ тухтай ажиллах боломжтой цагийн цонхуудыг олохоос өөр арга байгаагүй. Тэр нь өглөө хүмүүс сэрээгүй байхад эсвэл хүүхэд унтсаны дараа гэх мэт. Бид ямар ч үр дүнгүй эсвэл шаардлагагүй уулзалтуудыг хасаж, хийж буй төслүүдийнхээ хамгийн чухал гэсэн дээр нь илүү анхаарч, үр ашигтай ажилласан. Илүү олон зүйл дээр үгүй гэж хэлж сурсан. Өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах завгүй байсан амьдралаасаа нэг алхам ухарч, бодол санаагаа эмхэтгэж сурсан.
  • Уламжлалт аргаар хөрөнгө оруулалт явагддаг байсан бол КОВИД-оос үүдэн DeFi гэх мэт шинэ төрлийн санхүүжилтийн арга барилуудыг сурсан.

- Таны бодлоор ямар эмэгтэйг манлайлагч эмэгтэй гэж тодорхойлох вэ?

- Миний мэдэх эмэгтэй манлайлагчдын нийтлэг чанар нь маш энэрэнгүй, тэвчээртэй, бусдыг хүндэлдэг, шинийг эрэлхийлсэн байдаг. Манлайлагч хүн бол шинэ зүйлээс айдаггүй, айсан ч нүүр тулж тэр айдсаа даван гардаг. Аливааг олон талаас хардаг. Бас тэвчээртэй, өөртөө итгэлтэй нэгэн байх шиг санагддаг. Эмэгтэй манлайлагч нар өөрийн эргэн тойрон дахь охид, эмэгтэйчүүддээ урам зориг өгч, тэднийг чин сэтгэлээсээ дэмжиж байдаг. Шинэ залуу үеэ өөрийн далавчиндаа аваад дээшээ нисэж чаддаг эмэгтэйчүүд л манлайлагч эмэгтэй гэж анзаарагддаг. Миний кареарын туршид тийм л эмэгтэйчүүд байсан болохоор маш их зүйлийг сурч, хурцлагдаж, урам зориг авсан. Одоо ч авч яваа. 

Б.Гэрэлмаа: Өөртөө сэтгэл хангалуун байх нь хамгийн сайхан гоо үзэсгэлэн

- Эмэгтэй хүн бүр өөрсдийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Таны хувьд өөрийг чинь илэрхийлэх гоо үзэсгэлэн юу бол?

- Хүмүүсээс янз бүрийн магтаал сонсдог ч дийлэнх нь субъектив байх шиг байдаг. Би нөхөртэйгөө гэрлээд 10 жил болж байна. Нөхөр маань одоо хүртэл надад "Үзэсгэлэнтэй шүү" гэж хэлдэг. "Яагаад?" гэж асуухаар "Өөрийнхөөрөө, яг үнэнээрээ байдаг чинь л хайр хүргэм" гэж хариулж байсан. Би өөрөө өөртөө маш сэтгэл хангалуун байдаг гэж хэлбэл онгирсон болох болов уу. Гэхдээ л өөртөө сэтгэл хангалуун байх нь хамгийн сайхан гоо үзэсгэлэн гэж бодож байна. Би дан ганцхан гадаад төрхийг хэлээгүй шүү. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг болж, хайрлаж эхлэх хүртэл маш урт хугацаа зарцуулсан.

20-оод насандаа хүртэл бусдын намайг юу гэж бодох бол гэдгээс айдаг байсан. Бүрэн дүүрэн өөрийнхөө, дотоод хүнтэй эв зүйгээ олдоггүй байв. Гэхдээ одоо бол байгалиас надад өгсөн бүх зүйлд сэтгэл хангалуун амьдарч байна. Өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг хийж, өөрийгөө хайрладаг, өөртөө сэтгэл хангалуун байгаа эмэгтэй хүн дотроосоо гэрэлтэж, жинхэнэ аз жаргалтай байдаг. Миний хувьд хэзээ өөртөө үзэсгэлэнтэй санагддаг вэ гэвэл элдэв маяггүй, хамгийн өөрийнхөөрөө байхад, мөн дотоод хүч сэтгэлээрээ ямар нэгэн зүйлийг давсныхаа дараа тодорч буй аз жаргалтай инээмсэглэлээ харах үедээ байх. 

- Та ямар эмэгтэй байхыг эрмэлздэг вэ?

- Миний нэрийг өвөө маань хайрласан юм. Гэрэл гэгээ түгээдэг, түүний эх үүсвэр нь байгаасай гээд өгсөн нэр байх гэж боддог. Тиймээс хэрвээ надад сайн сайхан зүйл бий бол түүнийгээ түгээн дэлгэрүүлдэг, хүмүүст эрч хүч урам зориг өгдөг, бас өөртөө үнэнчээр амьдардаг эмэгтэй байхыг л хүсдэг. Мөн бүтээлч байж, шинэ зүйлийг эрэлхийлж, хүмүүст боломж болон итгэл найдвар тараадаг хүн байхыг хичээдэг.

 

Д.Энххорвоо: Бусдын цаг хугацаа, мөнгийг хэмнэж, чанартай бүтээгдэхүүнийг Монголоосоо авах боломжоор хангасан нь манай бизнесийн бүтээсэн үнэ цэн
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын анхны subscription based гоо сайхны онлайн дэлгүүр болох "Beauty Secrets"-ийг үүсгэн байгуулагч Д.Энххорвоо: 

Бизнесийн арга барил, бүтээж буй үнэ цэн, шинэ санааны талаарх онцлох эшлэл:

  • Монголдоо ирээд харсан чинь эмэгтэйчүүд маань яг өөртөө тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгож авах нь учир дутагдалтай байв. Дээрээс нь дамлаж зардаг, үнэтэй бүтээгдэхүүнээс сонгох эсвэл холоос захиж авдаг нь ажиглагдсан. Тиймээс гадаадаас авдаг үйлчилгээг яагаад Монголоосоо авч болохгүй гэж хэмээн бодоод бизнесээ эхлүүлсэн.
  • Бусдын цаг хугацаа, мөнгө санхүүг хэмнэж, чанартай бүтээгдэхүүнийг Монголоосоо авах боломжоор хангасан нь манай бизнесийн бүтээсэн үнэ цэн. 
  • КОВИД-ын үеийн олгосон боломжийн тухайд гэвэл beautysecrets.mn сайтын хандалт ихсэж, борлуулалт 3-4 дахин нэмэгдэхэд ачааллаа дийлэхгүй болж буй нөхцөл байдлаа хараад арай бэлэн биш байна гэж бодсон. Тиймээс коронавирусийн халдвараас сэргийлэх хөл хорионы үеийг ашиглаад сүүлийн хоёр сар технологиудаа шинэчилж, бүрэн автоматжуулалт хийж, асуудлаа шийдэж чадсанд баяртай байгаа. 

- Таны бодлоор манлайлагч эмэгтэй гэж хэн бэ? 

Миний бодлоор нийгэмд өөрийн буй орчиндоо асуудлыг шийдсэн, ёс зүйтэй, зөв үлгэр дуурайл үзүүлдэг эмэгтэйг манлайлагч эмэгтэй гэж хэлнэ.

Д.Энххорвоо: Төгс хүн гэж байхгүй болохоор хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлаж, байгаа зүйлээ хамгийн сайнаар арчилж, тордох хэрэгтэй

- Гоо үзэсгэлэнг үзэх үзлээ хуваалцана уу. Өөрийг чинь илэрхийлэх гоо үзэсгэлэнг юу гэж боддог вэ? 

- Манай компанийг гаднаас нь харвал гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг газар шиг харагддаг ч цаагуураа технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж, Монголын худалдан авагч нартаа олон улсын худалдааны үйлчилгээг мэдрүүлэх зорилготой ажилладаг. Манайх төгс, инфлюнсэр хүмүүстэй бараг л хамтарч ажилладаггүй. Тийм хүмүүсээр сурталчилгаа хийлгэдэггүй гэсэн үг. Үүний шалтгаан нь төгс хүн гэж байхгүй тул хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлаж, байгаа зүйлээ хамгийн сайн арчилж, тордоод явбал өөртөө итгэх итгэл аяндаа бий болно гэх мессежийг хүмүүст хүргэхийг зорьсон болоод тэр. Тиймээс би таны асуултад хүн өөртөө итгэлтэй байх нь гоо үзэсгэлэн гэж хариулах байна.

- Та ямар эмэгтэй байхыг эрмэлздэг вэ?

- Амьдралын үе шатуудаасаа харвал би олон төрлийн эмэгтэй байж үзжээ. Жишээ нь ээж, аавынхаа сайн охин байхыг хичээж, сайн оюутан байхыг дараа нь сайн ажил хэрэгч эмэгтэй байхыг, тэгээд сайн ээж байхыг, сайн бизнес эрхлэгч, гоо үзэсгэлэнтэй нэгэн байх гээд олон эмэгтэй байж ирлээ. Яг одоогийн байдлаар би эрүүл мэнддээ анхаардаг, амьдралын зөв хэв маягтай, бизнесээ өргөжүүлээд багийнхандаа зөв үлгэр дуурайл үзүүлж, зөвөө чиглүүлдэг удирдлага байгаад зогсохгүй гэр бүлдээ цаг зарцуулдаг эмэгтэй байхыг хичээж яваа.

 
Г.Гэрэлмаа: Бид Startup World Cup буюу стартапуудад зориулсан дэлхийн хамгийн том тэмцээн болон Founder Institute буюу дэлхийн хамгийн том хурдасгуур хөтөлбөрийг оруулж ирж байгаа 
 
Гэрэл зургийг MPA.mn

Компанийн болон хөрөнгө оруулалтын менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг Exponential partners компани болон Хонг Конг, Сингапур дахь Монголын Худалдааны танхимуудыг үүсгэн байгуулагч Г.Гэрэлмаа:

  • Манай компани компанийн өсөлтийг сайжруулахын тулд нөү хау, холбоо харилцаа мөн гүйцэтгэл гэсэн гурван зүйл дээр анхаарах хэрэгтэй гэж үздэг. Эхний хоёрт нь манай компани төвлөрч ажилладаг. Монголын компаниуд олон улсын Нөү хау болон системүүдийг нутагшуулснаар, нөгөө талаас олон улсын зах зээл, гаднын стратегийн түншүүдтэй харилцаагаа сайжруулснаар өсөлтөө хэд дахин хурдлуулж болохыг олж харснаар Exponential partners-ийг үүсгэн байгуулсан. Энэ бол манай компанийн бүтээж буй үнэ цэн.
  • Энэ жилийн сонин гэвэл манайх Startup World Cup буюу стартапуудад зориулсан дэлхийн хамгийн том тэмцээн болон Founder Institute буюу дэлхийн хамгийн том хурдасгуур хөтөлбөрийг оруулж ирж байгаа. Бид үүгээр стартапын экосистем хөгжүүлэхэд нэлээд том өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт итгэлтэй байна. 
  • КОВИД-19-ийн үед компаниуд олон сорилттой тулгарч байна. Гэхдээ мөн тэр хэмжээнд ирээдүйд ажиллах арга барилд суралцан урдах боломжуудаа олж харж байх шиг байна. Тухайлбал, компаниуд жилдээ ганц хийдэг стратеги төлөвлөгөөгөө эргэж харах давтамж нэмэгдэж, дижитал өөрчлөлт, шинэчлэл энэ жилд хийхээс өөр аргагүй байдалд орж байгаа нь анзаарагдаж байна. 
  • Тэрбум долларын үнэлгээтэй компаниудыг Монголд гаргаж ирэх нь манай компанийн хэтийн зорилго.

- Таны бодлоор манлайлагч эмэгтэй гэж хэн бэ? 

- Энэ тухай бодож байгаагүй юм байна. Манлайлагч эмэгтэй нь манлайлагч эрэгтэй хүнээс ялгаагүй байх. Миний хувьд бүх юманд үнэнч шударга хандах дуртай. Учир нь бизнесийн хамтрагчид, мөн хамт ажиллаж буй хүмүүстэйгээ амжилттай хамтран ажиллахад үнэнч, ил тод байдал хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэж боддог. 

Г.Гэрэлмаа: Мэдлэг, боловсролоор нь тухайн хүний гоо үзэсгэлэнг олж харах дуртай

 - Гоо үзэсгэлэнг үзэх үзлээ хуваалцана уу. Өөрийг чинь илэрхийлэх гоо үзэсгэлэнг юу гэж боддог вэ? 

- Их сонирхолтой асуулт байна шүү. Миний хувьд бусдыг харахдаа энэ хүн ямар гоё хамартай, ямар гоё нүдтэй юм бэ гэж харахаас илүү энэ хүн ямар мундаг мэдлэг боловсролтой хүн бэ гэж харах дуртай. Өөрөөр хэлбэл, мэдлэг, боловсролоор нь тухайн хүний гоо үзэсгэлэнг олж харах дуртай. Мэдлэг боловсролтой хүмүүстэй уулзах тусам эрэгтэй ч бай эмэгтэй ч бай миний нүдэнд илүү үзэсгэлэнтэй харагдаж эхэлдэг. Ер нь хүн насан туршдаа сурах ёстой гэж боддог. Сурахаа зогсоож байгаа хүн бол тоормосоо гишгээд нэг газраа гацаж байгаатай адил санагддаг. Би шинэ юм мэдэх сонсох, турших дуртай. Шинэ юм сураад шинэ зүйлийг эрэлхийлдэг хүмүүс илүү амжилттай яваа юм шиг санагддаг. 

Нөгөө талаар гоо үзэсгэлэнтэй холбоотойгоор хэлэхэд хүн өөрийгөө өөр хүнтэй зүйрлэж, шүүмжлэх ямар ч хэрэг байхгүй гэж боддог. Бусад бүх хүн тэртэй тэргүй чамайг шүүмжилж харж чадна. Тийм байхад чи нэмээд өөрийгөө шүүмжлээд байвал хэн чамайг хайрлах билээ. Ялангуяа манай эмэгтэйчүүд өөрийгөө их голж, шүүмжилдэг. Тэгэхээр өөрийгөө болон бусдыг шүүмжлэхээ болиод боломжууд дээр илүү анхаарлаа хандуулж чаддаг хүмүүс надад хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. 

- Та ямар эмэгтэй байхыг эрмэлздэг вэ?

- Миний амьдралд үлгэр жишээ болж, нөлөөлдөг олон хүн бий. Жишээ нь би өвөө, эмээ болон ээжийнхээ хийж бүтээсэн зүйлсийг хараад их юм сурдаг. Энэ хүмүүс маань ер нь зүгээр сууж байхыг нь хэзээ ч хараагүй. Мөн нийгэмдээ хэрэгтэй зүйлүүдийг байнга эрж хайж, хийж явсан нь надад их агуу санагддаг. Тийм амьдралд хайртай, хөдөлмөрч, эрч хүчтэй хүн байхыг хичээж явдаг. 

 
Б.Гэрэлтуяа: Бид сая долларын хөрөнгө оруулалт авбал Green Dot-ын томоохон төлөвлөгөөний нэг болох интрактив музейн төслөө хэрэгжүүлнэ
 
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл амьдралын хэв маягийг бий болгох зорилготой Green Dot стартапыг үүсгэн байгуулагч, онолын математикч Б.Гэрэлтуяа: 

Бизнесийн арга барил, бүтээж буй үнэ цэн, шинэ санааны талаарх онцлох эшлэл:

  • Тухайн хүн эрүүл мэндийн байдлаа үнэлж, хөрөнгө оруулалт хийхийг технологийн тусламжтайгаар шийдэх нь манай бизнесийн бүтээж буй үнэ цэн.
  • Хэрвээ бид сая долларын хөрөнгө оруулалт авбал Green Dot-н том төлөвлөгөөний нэг болох интрактив музейн төслөө хэрэгжүүлнэ. Интрактив музейн зорилго нь хүний бие доторхыг технологийн тусламжтайгаар харж,  эрүүл мэндийг боловсролтой болох боломжийг ЕБС-ийн сурагчдад олгох юм. 
  • Бизнес маань удахгүй нэг жил болох гэж байна. Миний хувьд коронавирусээс шалтгаалан 2020 онд гэрээсээ ажиллангаа өөртэйгөө ярилцах цагийг их гаргасан. 
  • КОВИД-ын үе хүн төрөлхтөнд эрүүл мэнд хэчнээн чухал болохыг мэдрүүлсэн цаг хугацаа байсан тул бидэнд бизнесээ өргөжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Харин 2021 онд Green Dot-той холбоотой 12 жижиг туршилт хийхээр төлөвлөөд ажлуудаа эхэлчихсэн байгаа.
  • Шинэ зүйлийг эхлүүлэхэд хамгийн чухал түлхүүр бол судалгаа.

- Таны бодлоор манлайлагч эмэгтэй гэж хэн бэ? 

- Хийж буй зүйлээ хамгийн сайн хийхийг манлайлал гэж боддог. Хүн бүр заавал лидер байх албагүй. Миний хувьд өөрийнхөө ажиллаж буй салбарын эмэгтэйчүүд, бодлого тодорхойлогчдод хийж буй зүйлээрээ дамжуулан харагдаж, нөлөөлж чадаж байвал түүнийг эмэгтэйчүүдийн манлайлал хэмээн бодно. 

Б.Гэрэлтуяа: Гоо үзэсгэлэнг би эрүүл бие, эрүүл сэтгэл санаа, эрүүл амьдралын хэв маяг гэж ойлгох болсон

- Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үзэх үзэл. Өөрийг чинь илэрхийлэх гоо үзэсгэлэнг юу гэж боддог вэ? 

- Гоо үзэсгэлэн гэдэг нь маш гүн гүнзгий ойлголт. Хувь хүний түвшинд гоо үзэсгэлэн нь бага насны туршлагаар тодорхойлогддог шүү дээ. Өөрөөр хэлбэл би ямар гэр бүлд, ямар орчинд яаж өссөнөөс хамааран миний гэх гоо үзэсгэлэн бий болдог. Мөн миний гоо үзэсгэлэнг харах хэмжүүр бусад хүнийхээс өөр. Би сүүлийн үед эрүүл мэндийн технологид үндэслэн стартап хийж байгаа болохоор гоо үзэсгэлэнг эрүүл бие, эрүүл сэтгэл санаа, эрүүл амьдралын хэв маяг гэж ойлгох болсон. Дээрээс нь ажил амьдралын тэнцвэртэй байдал, амьдралын зөв зан үйл миний хувьд гоо үзэсгэлэн байх. 

- Та ямар эмэгтэй байхыг эрмэлздэг вэ?

- Эхлээд би эмэгтэй хүн шүү гэдгээ ойлгож, ухаарсан байх хэрэгтэй болов уу. Нийгмийн статус хаана ч байлаа гэсэн өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ хүлээн зөвшөөрч, төрөлх нөхцөл байдлаа сайтар ойлгосон эмэгтэй хүн байхыг хичээдэг. Хоёрдугаарт, хүйсийн улс төр, нийгмийн аж байдал хаашаа чиглэх ёстойг ойлгож амьдрах чухал. Тэгээд хамгийн зөв, нээлттэй  нийгэмд очиход миний зүгээс тодорхой зүйлтэй эмэгтэй байхыг боддог. 

 
О.Гэрэлтуяа: Хүн өөрийн чадвар, нөөц боломжоо бодитоор мэдээд ахиулж чадвал бизнес гэлтгүй тухайн ажиллаж буй салбартаа амжилт гаргах боломжтой
 
Гэрэл зургийг MPA.mn

East Maven PR агентлагийг үүсгэн байгуулагч, “Хүндлэлд хүйс хамаагүй” үндэсний аяны зохион байгуулагч О.Гэрэлтуяа: 

Бизнесийн арга барил, үнэ цэн, шинэ санааны талаарх онцлох эшлэл: 

  • Олон нийтийн үл ойлголцлыг засаж, дутуу мэдлэгийг хангахаар ажилладаг нь манай бизнесийн үнэ цэн. 
  • Манай баг өнгөрсөн жил буюу КОВИД-ын үеэр “Хүндлэлд хүйс хамаагүй” үндэсний аяныг амжилттай хэрэгжүүлсэн.
  • Ямар ч ажлыг сайн бодож тооцоолоод, төлөвлөж чадвал гарах нөлөө нь тэр хэмжээгээр өндөр байдаг. 
  • Хүн өөрийн чадвар, нөөц боломжоо бодитоор мэдээд ахиулж чадвал бизнес гэлтгүй тухайн ажиллаж буй салбартаа амжилт гаргах боломжтой
  • Хамт ажиллаж буй багийнхандаа итгэж сурах нь удирдагч хүнд байх ёстой чанар. 

- Таны бодлоор манлайлагч эмэгтэй гэж хэн бэ? 

- Эмэгтэй удирдагчид олноор гарч ирж байгаа энэ үед хуучин манлайллын арга барилаар бус ирээдүйг харсан манлайллын арга барилтай байх хэрэгтэй. Олон хүнд танигдаад, инфлюнсэр боллоо гэдгийг манлайлна гэсэн шг биш. Мэргэжлийн үүднээс бусдадаа нөлөөлж, туршлагаа бусадтай харамгүй хуваалцаж чаддаг хүнийг л манлайлах ур чадвартай хүн гэж харах байх.

О.Гэрэлтуяа: Одоо цагт ёс суртахуунаараа гоёж болно

- Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үзэх үзэл. Өөрийг чинь илэрхийлэх гоо үзэсгэлэнг юу гэж боддог вэ? 

- Намайг илэрхийлэх гоо үзэсгэлэн гэвэл юмыг чин сэтгэлээсээ хийх гэж ханддаг байдал, тэрнээс улбаалан гарч ирдэг эрч хүч гэж бодож байна. Эрч хүчээр буцалж байгаа ямар хүн гоё харагддаг гээч. Дээрээс нь одоо цагт ёс суртахуунаараа гоёж болно. Бид зүгээр л бусдад таашаал өгөх зүйлсэд л анхаараад байдаг болохоос биш хүнд эрч хүч өгдөг, цэнэглэдэг гоо зүйг олж харахгүй байгаа санагддаг.

- Та ямар эмэгтэй байхыг эрмэлздэг вэ?

- Манай монгол эмэгтэйчүүд их зоригтой. Энэ зоригийг мөхөөхгүй л байх ёстой гэж боддог.

 

Г.Энхболор: Өнөөгийн нийгэмд даяарчлал, технологийг хөшүүрэгдэж байж "хүсэмжит амьдрал" гэдэг тодорхойлолтыг шинэчлэн найруулах боломжтой болсон
 

Humuun publishing-ийн үүсгэн байгуулагч Г.Энхболор:

Бизнесийн арга барил, үнэ цэн, шинэ санааны талаарх онцлох эшлэл: 

  • Амьдралдаа утга учиртай юм үүсгэх хүсэл, хамтран үүсгэн байгуулагч нарын ижил хүсэл эрмэлзэл болон нэг нь “ясны” энтрапренер байх нь санаагаа бизнес болгоход нөлөөлсөн. 
  • Өнөөдөр бид ийм нийгэмд амьдарч байгаа нь том аз. Бидний ихэнх нь эрх тэгш, олон боломжуудаар хүрээлэгдсэн. Дэлхий даяар хүмүүс өөртөө төсөөлж буй хамгийн хүсэмжит хувилбараар амьдрахыг эрмэлзэж байгаа. Энэ нь шинэ зүйл биш. Гэхдээ өнөөгийн нийгэмд дэлхийн даяарчлал, технологийг хөшүүрэгдэж байж хүсэмжит амьдрал гэдэг тодорхойлолтыг шинэчлэн найруулах боломжтой болсон.
  • Манай бизнесийн хувьд амьдралын боловсролын салбарт хүчээ сорихоор үзэж буй бөгөөд үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Нэг нь хувь хүний хөгжлийн чиглэлийг барьсан Happy Messy Балиар Өөдрөг, нөгөө нь Хүмүүн Паблишинг нэртэй номын бизнес юм. Амьдралын боловсрол гэхээр гайхаж байж магадгүй. Бидний тодорхойлолтоор бол өөрсдийн сурсан мэдсэн зүйл, амьдралаараа үлгэрлэдэг аргачлалаар дамжуулан эргэн тойрны хүмүүстээ тууштай, тэнхээтэй, тэмүүлэлтэй, эрүүл, аз жаргалтай хүмүүн бий болгох юм. 
  • КОВИД-ын үе хүмүүсийг зайнаас ажиллах, бие дааж ажиллах ямар ч бэлтгэлгүй байсныг ойлгуулсан. Түүгээр зогсохгүй зайнаас ажиллах боломжийг бий болгох дэд бүтцийн систем үүссэн байсныг ажиглахад хүргэсэн. 
  • Олон улсад хийгдсэн судалгаанаас харвал 100 мянган ам.доллароос дээш цалинтай \дундаж цалин\ ажлын байрны ажлыг хаанаас ч хийх боломжтой гэх судалгаа гарсан.
  • Манай багийн гурван хүн нь сүүлийн гурван жилийн турш зайнаас ажиллаж ирсэн бол бусад багийн хувьд энэ нь шинэ хэвшил болсон.
  • КОВИД-19-тэй холбоотойгоор ихэнх үйлчилгээг цахим платформ руу нэвтрүүлэх ажлыг түргэсгэсэн түлхэц болохын зэрэгцээ баг маань үндсэн бизнесийн эргэлт (pivot) хийх аргачлалыг системийн хувьд улам төгөлдөршүүлсэн.

- Таны бодлоор манлайлагч эмэгтэй гэж хэн бэ? 

- Миний бодлоор хүйсээс үл хамааран аливаа зүйлийг олон талаас харахыг эрмэлздэг, урт хугацааны сэтгэхүйтэй, шинэ өнцөг, шинэ аргачлал буюу “status quo”-г сорихыг зориглодог. “Мөнхийн сурагч” хандлагатай, үг үйлдлийн зөрүүг аль болох багасгахыг тэмүүлдэг. Амьдралдаа олон зүйлийг туршиж, бүтэлгүйтэхээс эмээдэггүй, өөрийнхөө бие махбод, сэтгэлийн эрүүл мэндийн төлөө тууштай явах чадвартай хүнийг манлайлагч гэж тодорхойлно.

Г.Энхболор: Бид бүгдээрээ цаг мөч болгонд өөрийнхөө хамгийн гайхалтай хувилбар нь байдаг

- Эмэгтэй хүн бүр өөрсдийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Таны өөрийг чинь илэрхийлэх гоо үзэсгэлэн юу вэ?

- Таны хэлсэнтэй 100 хувь санал нийлж байна. Хүн бүр үзэсгэлэнтэй. Намайг илэрхийлэх гоо үзэсгэлэн бол аль болох өөрөөрөө л байх гэж бодож байна. Бид амьдралын турш энэ эрэл хайгуулыг хийдэг байх. Гэхдээ тухайн мөч болгонд бид өөрсдийн гоо үзэсгэлэнг ойлгож, мэдэрч, хайрлаж энэрэх хэрэгтэй болов уу… “Өөрөөрөө байх урлаг” нийтлэлд бичсэнээр бид бүгдээрээ цаг мөч болгонд өөрийнхөө хамгийн гайхалтай хувилбар нь байдаг.

- Та ямар эмэгтэй байхыг эрмэлздэг вэ?

- Жэн Робинсоны бичсэн нийтлэлийн хэдэн эшлэлээс дурдмаар байна: “Миний бие сэтгэлийн сорви бүхэнд би хайртай, сэвх болгон минь би энэ амьдралын хамгийн сайн сайхныг сонгосны илрэл юм.

Би энэ дэлхийд өөрийн инээд болон нулимсыг ичихгүй харуулж чаддаг.

Би бүжиглэдэг. Би хайрладаг. Би амьдардаг.” Ийм л хүн баймаар байна. /Би гайхалтай эмэгтэй нийтлэл/