Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Улаанбаатарын хэмжээнд коронавирусийн халдварын голомтууд хяналтад орсон

ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд ажиллаж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцтай танилцлаа.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн айл, өрхүүдийг шинжилгээнд хамруулаад дуусч байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх болсонтой холбогдуулан шинжилгээний сүүлийн өдөр Баянзүрх дүүрэгт  ачаалал ихтэй байна.  Учир нь гэр бүлийн нэг гишүүн гэхээс илүүтэй өөрөө заавал шинжилгээ өгч байж ажилдаа явна гэдэг ойлголттой иргэд  олон байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Өчигдөр 52,000 иргэнээс шинжилгээ авсан. Лаборатори дээр ачаалал үүсч байгаа учраас өнөөдөр 13 мянган хүний сорьцыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн” гэлээ.

Бид нэг хэсэгтээ цар тахалтай зэрэгцэн амьдрахаар болж байна

Тус дүүргийн хувьд 25, 26, 16, 8  дугаар хороо халдварын  эрсдэл өндөртэй бүсэд орж байгаа юм. Тиймээс эрсдэлтэй бүсүүдэд дахин “самнах” байдлаар явуулын шинжилгээ зохион байгуулна гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар санууллаа.

Тэрбээр “Маргааш нийт байгууллагын 95 хувь нь ажлаа эхлүүлнэ. Нөхцөл байдал хэвийн болчихлоо гэж бодож болохгүй. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнд өвчний тархалтын цар хүрээг олж тогтоох, шинэ голомт илрүүлж, халдвартай иргэдээ ялгаж авч байгаа. Цаашлаад эдийн засгаа сэргээх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд халдварын голомтыг хяналтдаа авчихсан. Цаашид эрсдэлтэй бүсүүд дээр нөхцөл байдал  хүндэрвэл хэсэгчлэн арга хэмжээ аваад явна. Бид нэг хэсэгтээ цар тахалтай зэрэгцэн амьдрахаар болж байна. Тэгэхийн тулд иргэд аж, ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах дүрэм, журмыг сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаарай.

Харин нийслэл, дүүргийн удирдлагууд хяналт, шалгалт гээд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг шууд цуцалж болохгүй. Хүнд нөхцөлд арга зүйн зөвлөгөө өгөөд төрийн үүргээ биелүүлэх ёстой. Дэм, дэмэндээ ажиллаж, цар тахлыг даван туулна” гэв.