ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улс дархлаажуулалтын ажлыг хийх өргөн туршлагатай. 1921 онд цагаан цэцэг өвчний эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлснээс хойш коронавирусийн цар тахалтай адил хэмжээнд тархсан олон халдварт өвчний эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Мөн бие даасан дархлаажуулалтын тухай хуультай. Тус хуульд ямар үед тархвар судлалын заалтаар иргэдийг дархлаажуулах тухай заалт бий. Тодруулбал, Тархвар судлалын заалтаар халдварт өвчний голомтод халдвараас сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний хүрээнд дархлаажуулалтыг хийнэ. Энэ заалтын дагуу хүн амаа дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.
Эхний ээлжинд COVAX хөтөлбөрт хамрагдахаар хандаж, хүн амынхаа 20 хувийг тус хөтөлбөрийн хүрээнд вакцинд хамруулах нөхцөл бүрдээд байна. Бусад хүн амаа дархлаажуулах ажил дээр Засгийн газар ажиллаж байгаа.
Манай улс коронавирусийн эсрэг бүтээгдсэн вакцинуудыг хадгалах, түгээх тоног төхөөрөмж, хүн хүчээр бүрэн хангагдсан гэдгийг хэлмээр байна.
Pfizer -70 хэмд хадгалж, тээвэрлах горимтой. Гэхдээ 2-8 хэмд хүргэж хүндээ тарьдаг бөгөөд 5 хүртэлх хоног энэ хэмд хадгалж болно. Тиймээс сум, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад -70 хэмд хадгалах хөлдөөгч шаардлагагүй. Тус вакциныг хадгалах 26 ширхэг хөлдөөгч байгаагийн тавыг нь ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн агуулахад байрлуулсан. Тэдгээрт нийт 800 мянга гаруй хүн тун вакциныг хадгалах багтаамжтай. Бусад 21 хөлдөөгчийг аймаг, дүүрэг рүү хуваарилахаар нөөцөд авсан. Эдгээр нь тус бүр 100 литрийн багтаамжтай.
Дэлхийн 78 улсад дархлаажуулалтын ажил хийгдэж өдөрт дунджаар 6 сая хүн вакцин хийлгэж байна. Вакцин хийж эхэлсэн улсуудад тандалт хийхэд өвчлөл 17-22 хувиар буурч байгааг албаныхан хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!