"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд сүүлийн тав хоногт 26 тохиолдол илэрсэн талаар ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ.
Тэрбээр "Бид сүүлийн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн удаа хөл хорионы дэглэм сахисан. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сард хөдөлгөөнийг 90 гаруй хувьтай хязгаарлаж, хөл хорио тогтоож байсан.
Харин энэ удаа хөдөлгөөнийг 96-98 хувь хязгаарлаж, хөл хорио тогтоосон. Өнөөдөр ердөө 2-5 хувь нь л хөдөлгөөнд оролцож байгаагийн үр дүнд тавхан хоногийн хугацаанд нийтдээ 26 хүн халдвартай гэдэг нь батлагдлаа.
Энэ нь олон нийтийн дундаас хоногт 5-6 хүн халдвар авсан нь батлагдаж байна хэмээн тооцоолохоор үзүүлэлт юм. Өрх бүрээс шинжилгээ авах ажлын хүрээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд есөн тохиолдол шинээр илэрсэн.
Хөл хорионы хугацаанд өрх бүрээс ийнхүү шинжилгээ авч, нөхцөл байдлыг тандаж, Улаанбаатар хотын иргэдийн дунд халдвар ямар түвшинд байгааг эцэслэж тогтоох нь маш өндөр ач холбогдолтой.
Энэ нь бидний эргээд хэвийн амьдралдаа шилжих суурь нөхцөлийг бэлдэж өгч байгаа хэрэг" хэмээн ярив.
Үргэлжлүүлэн "Төрийн байгууллага ажилчдынхаа ердөө тав хүртэлх хувийг ажиллуулж буй. Үлдсэн 95 хувийг нь гэрээсээ цахимаар ажиллаж, төрийн ажлыг цалгардуулахгүйгээр хийхээр тооцоолсон.
Харин хувийн болон бусад зөвшөөрөгдсөн салбарууд байгууллагынхаа ердөө 15 хүртэлх хувийг л ажиллуулах ёстой. Ингэхдээ ажлын тодорхойлолт, цагийн хуваарь, ажлын үнэмлэх зэрэгтэйгээ хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэж хаа хаанаа хөл хөдөлгөөнөө хязгаарлах алхмыг хийж байна" гэдгийг нэмж хэллээ.
ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!