Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Эрүүл мэндийн газар N95 амны хаалт авах тендер шалгаруулахдаа хууль зөрчсөн үү?

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 20,000 ширхэг N95 маск нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг цахим хуудастаа нээлттэй мэдээлжээ.

 
Эх сурвалж: tender.gov.mn

Ингэхдээ 400 сая төгрөгийн өртөг бүхий уг худалдан авах ажиллагааны талаарх мэдээллээ 2021 оны хоёрдугаар сарын 5-н буюу Баасан гарагт цахим хуудаст байршуулж, материал хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 8-ны дотор хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, 400 сая төгрөгийн бараа нийлүүлэх компанийг материалыг хүлээн авах хугацаа нь амралтын хоёр өдөртэй нийлээд гурван өдөрт багтаахаар төлөвлөсөн байна. 

Уг материалтай танилцаад үзвэл "Үнийн саналыг хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ..... хаягаар нэгдүгээр сарын 13-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ" гээд Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа гэснийг ЭНД-ээс харж болно. 

 
Эх сурвалж: tender.gov.mn
 
Эх сурвалж: tender.gov.mn

Ингэхдээ "Тендерийн баримт бичгийн талаар тодруулга авах хүсэлтийг хүлээн авах хугацааны хязгаар тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 1 хоногоос багагүй байна" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, НЭМГ уг худалдан авах ажиллагааг хоёрдугаар сарын 5-нд ил зарласан атлаа нэгдүгээр сарын 13-ныг хүртэл материал хүлээн авсан мэтээр ойлгогдохоор албан бичгээ боловсруулсан байна. 

Тэгвэл Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2019 оны гуравдугаар сарын 22-ны УИХ-аар шинэчлэн баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24-т тендерийн хугацааны талаар тусгаснаас үзвэл 

  • 24.1.Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно.
  • 24.2.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно.
  • 24.3.Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно.
  • 24.4.Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг оруулан тооцно.
  • 24.5.Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна хэмээн тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тендер сонгон шалгаруулах зарыг 30 хоногийн хугацаанд нээлттэй байршуулж, ирсэн материалуудаас сонгон шалгаруулахаар байна. 

Мөн хуулийн 6.1-т Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална

хэмээн тодорхой заасан байна.

Энэхүү худалдан авах ажиллагаагаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар 400 сая төгрөгөөр 20 мянган ширхэг маск буюу нэг N95 амны хаалтыг 20 мянган төгрөгөөр авахаар төлөвлөжээ. 

 

N95 бол 0.3 микроноос том хэмжээний хэт бичил тоосонцруудын 95 хувийг шүүх чадвартай гэдгээрээ энгийн мэс маслын амны хаалтнаас ялгаатай. Энэхүү маскийг зөв зүүснээр олон төрлийн вирусийн халдвараас харьцангуй найдвартай сэргийлэх өндөр хүчин чадалтай ч энгийн иргэдэд олдоц муутайгаас гадна харьцангуй өндөр үнэтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байв. Тиймээс уг маскийг ихэвчлэн халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилчид зүүдэг.

Уг амны хаалтыг үнийг харвал доод тал нь $3 үнэтэй байна.