Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:32 2021/01/21

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайдыг огцрохыг дэмжсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтээр гар өргөн санал хураалт явуулахад гишүүдийн 95.2 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/38_-bqPZul/

16:59 2021/01/21

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монголд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргаж байна. Төрийн албан хаагчийн буруугаас болж хоёр сайд, цаашлаад Засгийн газар огцорч байгаа нь цаашдаа муу жишиг тогтоох вий. Анх удаа ийм саналыг хэлэлцэж байгаа учир хэлэлцэх дэг, зохицуулалт алга. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн 5.1-д зааснаар уг асуудлыг хэлэлцэх горимын санал гаргаж байна. 

Ийнхүү С.Бямбацогт гишүүний гаргасан горимын санал дэмжигдсэн тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Монголын 30 жилийн түүхэнд анх удаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж ирж байна. Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргасан. Энэ нь Монголын улс төрд шинэ хариуцлагын шинж жишиг тогтоож байна гэж харж байна.   
Цар тахлын үед У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажилласан учраас ёс зүйн огцролт хийж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  Дунд шатны эмч хүн том алдаа гаргаснаас Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгч байгаад харамсаж байна. Гэхдээ энэ ёс зүйг өөрөө эхлүүлж байгаад баяртай байна. Дунд болон доод шатны хүмүүст мөн хариуцлага тооцох ёстой. 

Өчигдрийн жагсаалд залуучууд чин сэтгэлээсээ жагсаж байсныг улс төрийн зохион байгуулалттай зүйл болгосонд харамсаж байна. Иргэдийн чөлөөт ардчилсан нийгэм байгуулах хүсэлийг улс төрийн зорилгоор ашигласан нь үнэн бол хариуцлага тооцох ёстой. Жирэмсэн ээжүүд, залуучуудын жагсаал дээр хэлсэн үг чин сэтгэлийнх байсан. 

Тэд дунд, доод шатанд хариуцлага тооцож өгөөч гэсэн болохоос биш Ерөнхий сайдыг огцор гэж хэлээгүй. Олон дарга нарт ийм жишиг тогтоосой гэж хүсэж байна. Таныг сонгосон иргэдийнхээ өмнө зоригтой шийдвэр гаргаж байгаасай гэж төрийн өндөрлөгүүдэд уриалмаар байна. Эхлүүлсэн ажлууд чухал байгаа. Ямар их итгэлийг бид нарт өгсөн билээ. Ерөнхий сайд таны бодлого үргэлжлэх ёстой. Сая та улс орноо аюулд учруулмааргүй байна гэж хэллээ. Үүнийг тодруулж хэлээч. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хоёр хоногийн өмнө дөнгөж амаржсан ээжид хандсан төрийн үйлчилгээний сэтгэлгүй, ёс зүйгүй хандлага нь олон нийтийг бухимдуулсан, Монгол хүн бүрийг эмзэглүүлсэн үйл явдал болсон. Нийгмийг цочроосон энэ үйлдэлд ёс хариуцлага хүлээн огцорч байгаа Ерөнхий сайд болон Засгийн газрын өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр нь цааш цаашдын Засгийн газар, улстөрийн намуудад шинэ жишиг, соёлыг тогтоосон үйл явдал болж байна гэж нэг талаас харж байна.

Нөгөө талаасаа энэ төрийн албаны үйлчилгээнээс болж Засгийн газар нь огцрохоосоо илүүтэй анхан, дунд шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа хандах хандлага нь өнөөдөр ямар түвшинд байгааг маш тодорхой нийгэмд харуулж байгаа үйл явдал юм. Энд төрийн үйлчилгээний алба тэр дундаа онцгойлон эмнэлгийн үйлчилгээг дурьдмаар байна. 

Эмнэлгийн үйлчилгээ, ялангуяа эмнэлэгт төрөх гэж очиж байгаа ээжүүд, төрөх эмнэлгүүдийн үйлчилгээ бол үйлчлүүлэгчдээ буюу өвчтэй ээжүүдээ царайчлуулдаг соёл тогтоогоод маш олон жил болж байна. Би өөрөө улсын эмнэлэгт дөрвөн хүүхдээ төрүүлсэн ээж хүний хувьд энэ асуудал ямар байдгийг маш сайн мэднэ. Миний хэлж байгааг маш олон ээжүүд баталж хэлнэ гэж харж байна.

Бид нар цаашдаа эмнэлгийн үйлчилгээг, төрийн үйлчилгээгээ царайчлаад явсаар байх уу. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, хандлагыг өөрчлөх, шинэчлэх цаг болсон. Төрийн үйлчилгээг бүх шатандаа иргэддээ сайн хүргэдэг байхын төлөө маш онцгой анхаарч жинхэнэ тэр реформ шинэчлэлийг хийх цаг болсон гэж үзэж байна. Дараа дараагийн Засаг газар энэхүү асуудалд онцгой анхаарч У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан зоригтой алхам, бодлого, шийдвэрүүдийг үргэлжлүүлнэ гэж итгэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:  Өнөөдөр бид коронавирусийн эсрэг дайтаж байна. Хариуцлага итгэл гэдэг үгнүүд ихээр яригдаж байна.  Нэг хэсэг нь Ерөнхий сайдыг хариуцлагаас зугатаж байна, нөгөө хэсэг нь итгэл хүлээж байна гэж ярьж байгаа. Ерөнхий сайд огцорсон ч бодлогын тогтвортой байдал алдагдахгүй гэж үзэж байна. Намын даргын баримталсан бодлого буруу учраас алдаа гарсан гэж бодохгүй байна. Хэцүү үед хамт зүтгэж байсан хоёр сайд нь огцрох талаар хүсэлт ирсэн учир Ерөнхий сайд ёс зүйн үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа. Герман, Англид ч гэсэн ардчилсан дэглэмээ эсэргүүцээд тэмцэл хийж байна. Үүн дээр харин дөрөөлж улс төрийн ашиг харж болохгүй.

МАН хариуцлага хүлээхээс хулчийхгүй. Ярьж байгаа зүйлээрээ хүн ялдаг биш, бодлогоор ялдаг.  Бидний хувьд хүн чанар хамгийн түрүүнд байх болно. Хариуцлага алдсан тухай бүрд ёс зүйн хариуцлага хүлээдэг байвал энэ нь зөв бодлого болно.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ерөнхий сайд та хариуцлага үүрч байна уу. Хариуцлагаас зугатаж байна уу?

Өчигдрийн жагсаалыг өөрсдийнхөө хийдэг жагсаал шиг яриад байх юм. Ард түмэн өөрсдөө төв талбайд гарч ирсэн шүү. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:  Хариуцлага үүрч явснаас биш зугатаж явсангүй. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Би уур хүрвэл хүнтэй зодолдож, өрөвдвөл нулимс унагах ийм л нэгэн Монгол эр хүн.

Коронавирусийн эсрэг тэмцэнэ гэдэг бол амар ажил биш юм билээ. Хорио цээрийн дэглэм хүн болгонд таалагддаггүй. Олон үйл явдлаас болж алдаа дутагдал гарсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ халуун цэг дээр гэр бүл, хань, ижлээ орхиод олон арван хүнийг эмчилж, өөрөө өвдөж байгаа хүмүүсийн буруу биш шүү. 190 мянга гаруй төрийн албан хаагчийн буруу гэж би хэлэхгүй. Уулын мод урттай, богинотой. Улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүс хийж байгаа. Гэхдээ сэтгэлтэй нь илүү олон гэж бодож байна.

Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Цаашид шат шатанд ажил хариуцаж байгаа дарга нар ажил хийж чадахгүй бол өөрөө хариуцлагаа үүрээрэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Миний эхлүүлсэн ажил цаашаа үргэлжилнэ. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм. Түүнээс биш айж хулчийгаагүй.

Би долоодугаар сарын 1-нийг хүсдэггүй. Эцэст нь хэн шоронд явлаа. Цагдаа нар маань шоронд сууж, цолоо хураалгаж байсныг та бид санаж байгаа. 

Цаашид та бүхний дунд сууж байгаад хэн яаж худлаа хэлж байгаа талаар та бүхэнд хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намыг самарсан, цаашид Засгийн газраа самрах нь.

Шаардлагатай бол Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн асуудлаар парламент дээр асуудал тавих ёстой гэж бодож байгаа.

19:32 2021/01/21

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайдыг огцрохыг дэмжсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтээр гар өргөн санал хураалт явуулахад гишүүдийн 95.2 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/38_-bqPZul/