Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Азжаргал: Дархан-Уулд CОVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн. Аймгийн хэмжээнд маргаашийн 06:00 цаг хүртэл бүрэн зогсолт хийхээр боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 00:26 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд яаралтай хариу арга хэмжээг авч ХӨСҮТ рүү шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Орон нутагт үүссэн энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан нэг болон дам хавьтлын байршлыг тогтоох шаардлагатай гэж үзэн өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 18-ны 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд бүрэн зогсолт хийхээр болсон" гэв. 

Тус аймгийн нийт хүн амд тандалтын шинжилгээг хийж байгаа юм. Тэр дундаа олон хүнтэй харилцдаг ажилтан, алба хаагчид буюу багш ажилтнууд, мэргэжлийн анги албадууд болон худалдаа үйлчилгээ эрхлэгч зэрэг 10,302 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдээлэв.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын нэг, хоёрдугаар хавьтлын 583 иргэнийг PCR шинжилгээнд хамруулаад байгааг тэрбээр мөн хэллээ. 

Одоогоор сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 60 гаруй хүнийг тусгаарласан талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр хэллээ.


Мэдээллийг МҮОНТВ-ийн шууд дамжуулалтаас бэлтгэв.