Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Одоогийн байдлаар халдварын хоёр, гуравдугаар хавьтал болсон хүмүүсийн тоо 2,800 болоод байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр эрүүл мэндийн салбарын бэлэн байдал хэр хангагдсан бэ, орны тоо хүрэлцээтэй юу гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эмнэлгийн орны тухайд хоёр янзын төлөвлөлттэй байгаа. Халдварын тархалтаас шалтгаалан өөр өвчтэй хүмүүстэй холилдуулахгүй байх арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд ХӨСҮТ-ийн орны тоог 300-аар нэмэгдүүлсэн, Цэргийн төв эмнэлэгт 550 хүн хэвтэх ор бэлдсэн. Мөн Яармагийн 300 ортой эмнэлгийг бэлдсэн. 

Тархалтын цар хэмжээнээс хамаарч дараагийн шатны эмнэлгүүдэд ор бэлтгэж байгаа. Дүүргийн эмнэлгүүдэд орны бэлэн байдлыг хангах эхний ажил хийгдэж байна. 

Одоогийн түвшинд хамгаалах хэрэгслийн тоо хангалттай байгаа. Гэвч цаашид халдвар ямар түвшинд хүрэхийг судалж байна. Бүх дүүрэгт оношилгооны 11 цэг нээсэн. Маргаашаас үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Энэ цэгүүдэд халдварын хоёр, гуравдугаар хавьталд орсон хүмүүсийг харьяа дүүргээр нь шинжилгээнд хамруулна. Энд хоёр төрлийн шинжилгээ авна.

Халдвартай хүний тоо нэмэгдэхийн хэрээр хоёр, гуравдугаар хавьтал болсон хүмүүсийн тоо нэмэгдэж, одоогийн байдлаар 2,800 болоод байна. Энэ хүмүүсийг ирэх Даваа гарагийн өглөө гэхэд бүгдийг нь шинжилгээнд хамруулсан байхаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн халдварын ойрын хавьтлыг тогтоосон. Шинжилгээ авч байгаа. Сэлэнгэ аймагт лабораторид шинжилгээ хийж байгаа. Мөн Улаанбаатар руу сорьц тээвэрлэх ажил хийгдэж байна" гэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.