Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Халдвар тээгчийн эхний хавьтал болох 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан. Хариу нь хоёр цагийн дараа гарна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 

Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийж байна. 

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Цагдаа ТЕГ, эрүүл мэндийн салбарууд өөрсдийн авах арга хэмжээгээ авч байна. Манай улсын засгийн газар дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо.

Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч хамтдаа байж энэ аюулт өвчнийг даван гарна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Аравдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч Сэлэнгэ аймагт PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн. Ингээд тусгаарлалтаас гарсны дараа тухайн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн. 

Одоогийн байдлаар 24 хавьтагчийг тогтоогоод ХӨСҮТ-д тусгаарлан, эхний шинжилгээг аваад байна. 

Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна. 

Төр засаг арга хэмжээ авахаас гадна иргэд үүргээ ухамсарлаж, гараа ариутгаж, маск зүүж, хоорондын зай барьснаар халдвар өвчнийг давж чадна. Иргэд яаралтай биш тохиолдолд эмнэлгийн тусламж авахаар эмнэлгийг битгий зориорой.

"Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нь нээлттэй байна"

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “Өнөөдөр бид бүхэн өөрийн нутаг дэвсгэр дээрээс коронавирусийн халдвар илрүүллээ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд тандалт судалгаа хийхээр гурван хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох арга хэмжээг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шөнийн 02:00 цагаас эхлээд зогсоосон. Харин орох хөдөлгөөн нь нээлттэй байна.

Гарах хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор хүнд шалтгаантай хүмүүсийг тодорхой тандалт, хязгаартайгаар нэвтрүүлж байгаа.

Одоогоор Улаанбаатар хотын бүх зам дээр цагдаа, мэргэжлийн хяналтын алба хаагчид хамтран ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хуулиар хүлээдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд олон талын эрсдэлийг тооцож үнэлж арга хэмжээ авдаг. Ингэж ажиллаж байж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангана.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээс бусад эх сурвалжгүй, тодорхойгүй мэдээллийг түгээхгүй байх хэрэгтэй” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.