Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан эмчээс COVID-19 илэрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусийн халдвар зургаагаар нэмэгдлээ.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Тав дахь тохиолдол нь мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай, нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн. 

Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг тусгаарлагдан эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмч эмэгтэйн шинжилгээнээс илэрлээ. Эмч, сувилагч нар ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиллаж байсан бөгөөд эмчилгээний багийнхныг одоо нэг, нэгээр нь тусгаарласан. 

Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 374 болсон. Үүнээс 317 нь эдгэрсэн бөгөөд 54 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын гурван иргэн өөрсдийн хүсэлтээр боомт дээрээс буцаж, нутагтаа эмчилгээнд орсон. Халдвартай байсан гурван иргэн нутаг буцсанаар эмчилгээнд байх ёстой 57 хүний 54 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр 200 ор бэлтгэснээс 54 хүн эмчлүүлж байна. Нэмж 200 ор гаргах боломжийг бүрдүүлсэн. Мөн эмчилгээний багийг сургаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Гуравдугаар сараас эхлэн коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэн хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүслээ. Тэд энэ хугацаанд халдварыг дотооддоо буюу иргэдийн дунд алдахгүйн төлөө хичээн ажилласан юм гэв. Мөн иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа зүүн, гараа тогтмол угааж байхыг зөвлөлөө. 

Халдварын аюул ойрхон байгааг мэргэжлийн байгууллагынхан анхааруулсаар байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.