Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Сэлэнгэ-2020" тактикийн хээрийн сургуулийн төгсгөлийн шат ОХУ-ын нутагт амжилттай явагдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2020" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэр “Бурдун”-ы полигонд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус сургуульд Монгол Улсын Онцгой комиссын зөвшөөрөл, шийдвэрийн дагуу Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраар ахлуулсан Опертавын шуурхай бүлэг оролцож, хамтарсан сургуулийг амжилттай явуулсан юм. Энэ удаагийн сургуулийг дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийн хүрээнд анх удаа өөр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан бөгөөд сургуулийн төгсгөлийн шат буюу нэгдсэн Команд штабын хээрийн сургуулийг ОХУ-ын нутаг дэвсгэрт хамтран явуулсан юм.

Сургуулийн нээлтийн ёслол аравдугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд хоёр улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн дууллыг эгшиглүүлж, хоёр талын сургуулийн удирдагчид болох хошууч генерал Руслан Абдулхаджиев, бригадын генерал Л.Онцгойбаяр нар өгөгдсөн даалгаврыг амжилттай биелүүлэхийг дайчдадаа захиж, амжилт хүсэв. Сургууль эхлээд Нэгдсэн команд штабын хээрийн сургуулиар эхэлж, үргэлжлүүлэн өгөгдсөн даалгаврын хүрээнд өөр өөрийн нутаг дэвсгэрт байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулиар үргэлжилсэн юм. Бүслэн хаах, самнах, дайрах тактикийн арга ажиллагаануудыг туршин, батальоны тактикийн бүлгээр хөдөлгөөн үйлдэж, байлдааны ажиллагааны зурвасыг эзлэх, байлдааны ажиллагааг явуулах, салбаруудын галын болон тактикийн харилцан ажиллагааг хоёр талын цэрэг дайчид хангаснаараа онцлог болсон юм.

Энэ удаагийн сургуульд ОХУ-ын талаас 600 гаруй цэргийн алба хаагчид 100 гаруй нэгж техниктэйгээр, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс мөн тус тооны цэргийн алба хаагчид 100 гаруй нэгж техниктэйгээр “Терроризмын эсрэг операцын үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбаруудын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах” гэсэн сэдвийн хүрээнд гурван үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

“Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн төгсгөлд хоёр улсын сургуулийн удирдагчид дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан анх удаа өөр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа нь хоёр орны дайчин нөхөрлөл дайны хүнд жилүүдэд ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед ч улам батжин бэхжиж, гүнзгийрч байгааг харуулж байна хэмээн онцолж байсан юм. Хамтарсан сургуулийн үр дүнд манай хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд хоёр улсын Зэвсэгт хүчин 13 дахь жилдээ тасралтгүй хамтран зохион байгуулсан нь энэ юм. 

Ташрамд дурдахад, “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийн төгсгөлийн шатанд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний тодорхой тооны бүрэлдэхүүн Монгол Улсын Онцгой комиссын тогтоосон шийдвэрийн дагуу 21 хоногийн хугацаатай тусгаарлалтад орно.

 

Эх сурвалж: ЗХШЖ

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22