МУИС-ийн номын сан үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөн ховор ном болон монгол бичгийн уншлагын танхимтай болжээ. Уншлагын танхимыг түшиглэн ховор ном болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн байна.
Энэхүү үзэсгэлэнд МУИС-ийн номын сангийн сан хөмрөг дахь ховор ном 370, монгол бичгээр хэвлэгдсэн ном 600, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхимүүдэд хадгалагдаж буй 95 бүтээл тавигджээ.
Үүнээс онцолбол:
Монгол бичгээр хэвлэгдсэн “Монгол ганжуур” 83 боть
Бээжин хотод хэвлэгдсэн “Хятад ганжуур” 168 боть
“Хөх судар” 3 дэвтэр
19-р зуунд хэвлэгдсэн Нэрт гүн ухаанч Агваанбалдангийн бүтээл “Билгийн чандад хүрсэн увдис илт онолын чимгийн тайлбар”
“Алтангэрэл судар”
Хятад бараар барласан “Банзрагч судар”
Зая Бандид Лувсан Пэрэнлэй Судар зохиолын эмхэтгэл VI боть
Жадамбын Хятад зэс бараар барласан “Хутагт бичгийн чандад хүрсэн найман мянган судар оршвой”
Төвд, Монгол бичгээр “Жадамба судар”
Монгол бичгээр, Тод үсгээр “Банзрагч судар”
Монголын нууц товчооны 780 жилийн ойд холбогдуулан дэлгэж буй зарим судалгааны бүтээл, Хятад эхүүд, Гар бичмэл судалгааны бүтээлүүд
Дайчин улсын Монголын Магад хууль II-VI эмхэтгэл
Монгол Тансан эвхмэлийн эмхэтгэл VI боть
Дэлхийд түгсэн “Монголын нууц товчоо” МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд 2016 онд хэвлэгдсэн Монгол бичиг, крилл, англи хэл дээр хэвлэгдсэн бүтээлүүд байна.
Үндэсний түүх, эх хэл соёл бичгээ хадгалж хамгаалах нь монгол үндэстний оршин тогтнох амин чухал дархлаа юм. Үүнийг та бид чармайн хэрэгжүүлж явах учиртай бөгөөд энэхүү үзэсгэлэн энэ үйлсэд нэгээхэн хувь нэмэр болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
2020 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд МУИС-ийн номын сангийн “Ховор ном болон Монгол бичгийн уншлагын танхим”-д хүн бүхэнд нээлттэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!