Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа “Хакатон дата соёл” тэмцээн болж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компаниудын залуусыг чадавхжуулах, дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах “Дата Хакатон Соёл”-ыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Хакатон уралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 11 компанийн 70 гаруй залуу оролцож, ур чадвараа сорьж эхэллээ. 

Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Уул уурхайн компаниудын төсвийн орлогод үзүүлж буй хувь нэмэр, Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн залуус өрсөлдөж байна. Мөн Төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийх, ижил төстэй компаниудын санхүү, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг харьцуулах, бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар инженер, мэргэжилтнүүд ур чадвараа сорьж байгаа юм. 

Нээлтийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү хэлэхдээ “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгалийн баялгийн нэгдсэн удирдлага, зохистой засаглалыг хийж чадсан уу, цаашид түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг дагасан эдийн засагтай хэвээр байх уу, ер нь нийт ард иргэдэд маань байгалийн баялгийн өгөөж хүртээмжтэй байж чадаж байна уу гэдгийг бид эргэн харах шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх чиглэлд Үндсэн хуулийн “Баялгийн өгөөжийг тэгш хүртээмжтэй байлгана...” гэдэг заалт чухал бөгөөд түүнийг дагалдан гарах хууль журмууд бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Цаашид ажлын байр, уул уурхай дагасан дэд бүтцийн хөгжил, нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл болон эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд байгалийн баялгийн хуримтлагдсан орлогыг зарцуулдаг механизм бүрдэнэ гэж ойлгож болно. Иймд залуучуудын багаар ажиллах, байгалийн баялгийн засаглалтай холбоотой шинэ туршлагыг судалж, суралцахад “Дата хакатон” уралдаан чухал ач холбогдолтой гэж үзсэн. Бид “ЭМГЛ Бид нэг баг:Хакатон Дата Соёл”-ыг жил болгон уламжлал болгон зохион байгуулна” гэлээ. 

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж буй уг тэмцээн 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.