Францын контемпрари уран бүтээлч Майкл Обреновичийн бүтээсэн “Монголын гарц” урлагийн төслийн прототипийг энэ сарын 10-наас ирэх сарын 10-ны хооронд MN17 Арт галерейн “MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-гаар дэлгэн хүргэх гэж байна.
“Монголын гарц” урлагийн төсөл нь Обреновичийн 2016 онд бүтээсэн дэлхийн хэмжээний “Дэлхийн гарц" урлаг, соёлын өвийн төслийн нэг хэсэг юм байна. Энэхүү төслийн концепц нь өөр өөр шашин шүтлэг, соёл иргэншил, улс төрийн үзэл бодолтой дэлхийн хүмүүсийг холбогч болох аж.
Дэлхийн улс бүрийг төлөөлж буй гарц нь ижил хэмжээтэй цагираган хэлбэртэй байх бөгөөд тухайн улсын соёл, уламжлалт хэв маягийг агуулсан хээ, судалбарыг агуулжээ. Уг төсөл нь соёл хоорондын холбоо, эв нэгдлийг бэлэгддэг. “Монголын гарц” бүтээлийг Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга доктор Ж.Баярсайхантай хамтран, төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Манибадарын бүтээл Монгол гэрийн тоононы хээнээс санаа авч бүтээжээ.
Уран бүтээлч Майкл Обренович нь 1979 онд Франц улсад төрсөн бөгөөд бага наснаасаа урлаг, дэлхийн соёл иргэншлийн түүхийг сонирхож ирсэн.
Олон улсад контемпрари уран бүтээлчээр ажилладаг бөгөөд олон улсын арга хэмжээ, Франц, Макао, Индонез, Казакстан, Сингапур зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байрлах галерей, алдартай зочид буудлуудад уран бүтээлийн цуглуулгаа толилуулдаг нэгэн ажээ. Түүний уран бүтээлийн чиг хандлага нь «органик» ба «гуманист» хэлбэрээр илэрхийлэгддэг бөгөөд тэрээр амьдралын утга учир, үнэмлэхүй байдлын эрэлхийлэл, хязгааргүйн талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцахыг зорьдог.
Үзэсгэлэнд толиулагдаж буй загварын диаметр нь 1 метрийн хэмжээтэй бөгөөд загвар төслийг Хөвсгөл аймгийн урч М.Энхбаярын бүтээснээр толилуулж байна. Уран бүтээлийн төслийн эх хувилбар нь 4 метрийн диаметртэй цагираган хэлбэртэй бөгөөд Улаанбаатар хотод байршуулахаар төлөвлөж байна.
Энэхүү загвар төслийн зорилго нь олон нийтэд “Монголын гарц” төслийн санааг танилцуулах бөгөөд үзэсгэлэн худалдаанаас худалдан авч, үндсэн төслийн үйл ажиллагааг дэмжих боломжтой юм байна. “Улс орон бүрийн хувьд энэхүү гайхамшигт бүтээлийг бүтээхэд санхүүгийн дэмжлэг зайлшгүй. Бид энэхүү төсөлдөө хамтран ажиллаж санхүүжүүлэх байгууллага, хувь хүмүүсийг хайж байгаа бөгөөд “Монголын гарц” энэхүү гайхалтай урлагийн төсөлд өөрийн хувь нэмрээ оруулан, брэндээ холбох онцгой боломжийг олгож байна. Бүх санхүүжилт нь бүтээлийн үйлдвэрлэх, сурталчлах үйл ажиллагаанд зарцуулагдаж, төслийг дэлхий даяар таниулах боломжийг бүрдүүлэх юм” гэж зохион байгуулагчид мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!