Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран үерт өртсөн 5 өрхийг өргөө цагаан гэртэй болголоо.
Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүчтэй аадар борооны улмаас нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тухай бүр нь олон нийтэд мэдээлж байгаа билээ.
Ингэхдээ үерт өртсөн айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, орон гэр нь эргэн сэргээн засах боломжгүй, зайлшгүй дэмжлэг шаардлагатай 5 өрхийг гэртэй болгох хүсэлтийг дүүргийн Засаг даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн юм.
Эдгээр өрхийн дотор их хот, дүүргээ цэвэр цэмцгэр байлгахын төлөө хог тээвэр, үйлчилгээний “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-т 7-9 жил хүчин зүтгэж буй хоёр өрх ч бий.
Тэд мөн түрээсийн хашаанд амьдардаг байсан тул өргөө гэр олгохын зэрэгцээ зуух, хүнсний багц олгож, мөн газрын асуудлыг шийдвэрлэхээр судалж, өнөөдөр Батламжийг нь гардуулж өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, ажил хариуцсан хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд, хорооны Засаг даргын ажлын алба, Улаан загалмайн хороо, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!