Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-наас хийгдэх бол 6 настнуудынхыг 15-наас эхлүүлнэ"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх хичээлийн жилд 2-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл болон шинээр сургуульд орох зургаан настнуудыг элсүүлэх бүртгэл хэзээ эхлэх талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.

- 2-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

- 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох хүүхдүүд буюу хоёр нас болон 3-5 настай хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 3-25-ны хооронд tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар буюу цахимаар явагдана.  

Тодруулбал, тус хаягаар нэвтэрч ороод бүртгэх хэсэгт дарж, хүүхдийнхээ регистрийн дугаараар нэвтрэн мэдээлэлтэйгээ танилцана. Бүртгүүлэх хэсэгт утасны дугаараа бичиж оруулахад “бүртгэгдсэн” гэх зурвас дугаарын дагуу очсоноор бүртгэл нь баталгаажсаныг мэдэх боломжтой.

Бүртгэлийн сайтад одоогийн байдлаар хөгжүүлэлт хийгдэж байгаа тул нэвтрэх боломжгүй. Наймдугаар сарын 3-н гэхэд хэвийн ажиллана. 

- Бүртгэх арга барилд өөрчлөлт ороогүй гэж ойлгож болох уу?

- Тийм ээ, хуучин хэвээрээ. 

3-5 настай хүүхдүүдийн хувьд тухайн цэцэрлэг дээр нь хэдэн хүүхдийн орон тоо байгаа нь дээрх хаягаар нэвтэрч ороход мөн харагддаг. 

- Тэгвэл нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэл хэзээ эхлэх вэ?

- Нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 15-наас цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ одоогийн байдлаар программ нь эцэслэгдэж гараагүй байна. Бэлэн болох үед нь хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэнэ.

Үндсэндээ наймдугаар сарын 15-25-ны хооронд бэлтгэл ажлаа ханган 25-ны үед элсэлтээ зохион байгуулах байх.