Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдралын дурсамжаа нэмэх энэ зуны таны аяллын маршрут юу вэ?

ikon.mn
2020 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

-Амьдрал бол дурсамж. Гагцхүү тэрхүү дурсамжийг бүтээх сонгодог аргуудын нэг бол аялал юм-

Монгол эх орныхоо байгалийн үзэсгэлэнт цогцолбор газруудаар аялж, зугаалахаар хаашаа, яаж, юу бэлдэж явахаа төлөвлөн суугаа уншигч танд зориулан Монголын дотоод аялал жуулчлалыг дэмжих зорилгоор бид олны танил зарим хүний энэ зуны аяллын маршруттай танилцсанаа хүргэж байна.     

Ц.Санчир: Аялал бол мэдлэгээ тэлэх маш өргөн талбар
 
Ц.Санчир

Тэрбээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлаг, соёл судлаач бөгөөд Монголын Эзэнт гүрний эзлэн захирч байсан бүх газарт хүрсэн Монголын, магадгүй дэлхийн анхны хүн. Өнгөрсний үнэ цэнийг орчин үед хэрхэн тэр чигээр нь хадгалах талаар ярьж, сэдэж байгаа хөдөлмөрч, уйгагүй бүсгүй юм.

- Та энэ зун хаашаа аялахаар төлөвлөж байна вэ?

- Эх орны Дорнод хязгаар болон хаан эзний өлгий хан Хэнтий нутгийг зорихоор төлөвлөж байна. Товчхондоо Чингис хааны хөшөөт цогцолбороос аяллаа эхлүүлж, Рашаан хаданд очоод Чингисийн тоонотод буудаллана. Мөн Буйр нуур, Халх гол, хилийн застав хүртэл түүхийн болон байгалийн дурсгалт газруудаар аялна.

- Яагаад Хэнтий аймгийг сонгон аялах болсон бэ?

- Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй нэгэн монгол ээжээс их онцгой хүсэлт ирсэн. Тодруулбал, Дорнод аймгийн хилийн цэрэгт алба хааж буй байлдагч хүүгээ эргээд, цэргийн ангийн номын санд нь ТАСАМ-ын бүтээлээс бариач гэсэн хүсэлтийг надад тавьсан юм. Аав минь насаараа армид алба хаасан цэргийн хүн байв. Өвөө минь ч Халх голын байлдаанд оролцож, “Бид ялав”-аар шагнагдсан эх орны жинхэнэ эр цэргүүд байсан учир энэ эрхэм хүсэлтийг хүндэтгэх ёстой гэж бодон шийдвэрээ гаргасан. Мөн Хэнтийн Биндэр дэх “Чингис тоонот” жуулчны баазад ном бүтээлийн алжаалаа тайлах бодолтой байна. Учир нь би амралгүй 10 гаруй жил болсон төдийгүй эх орноороо аялалгүй нэлээд уджээ. Ер нь “Малгайн утаа үргээлгүй” удаж, ийм эрхэм хоёр урилга нэг дор ирсэн тул Дорнын хязгаарыг зорихоор төлөвлөсөн.

-Таны аялалд гарахдаа заавал авч явдаг гурван зүйл юу вэ?

- Зөвхөн энэ сэдвээр их өргөн ярилцаж болно. Ингэхийн тулд аялал гэж юу вэ? Тухайн аяллын онцлогт тохируулж аяны богцонд юу багтаах ёстой вэ? гэх мэтээр яриа хөврөх биз ээ. Товчхон хариулахад, хол ойрын аялал, аян замд гарах хүн хутга, гал шүдэнз, гар чийдэн, сайн гуталтай явах хэрэгтэй. Миний хувьд аялагч бус Монголын Эзэнт гүрний түүх, соёлтой холбогдох мянга гаруй хот сууринд очсон урлаг, соёл судлаачийн хувьд дуу, дүрс бичлэгийн баримтат өв бүтээж ажилладаг. Хилийн чанадыг зорихдоо юун түрүүнд зургийн аппарат, камер, техник хэрэгсэл, судалгааны ном бүтээл авч явдаг. Харин энэ удаа ТАСАМ-ын хэвлэлийн дээж болон нүүдлийн гэрэл зургийн үзэсгэлэнгээсээ авч явах санаа байна. Зам зуур буудаллах үедээ малчид, хязгаар нутгийн зон олонд, хилийн заставт гээд тухайн орчин, нөхцөл боломжоор Монголын Эзэнт гүрний түүх, соёлыг харуулсан бүтээлээсээ дэлгэнэ. Зүгээр амарч, аялаад явахгүй, мэдээж нүүдэлч соёлын тухай судалгааныхаа аудио техник төхөөрөмжүүдээ авч явна ?.

-Аялагчдад юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Монгол орноор гурван удаа буюу мориор, тэмээгээр, машинаар туулсан аялан судлаачийн хувьд маш их зүйл зөвлөмөөр байна. Аялал гэдгийг амралт төдийхнөөр ойлгох нь өрөөсгөл юм. Аялал бол мэдлэгээ тэлэх маш өргөн талбар. “Эх орноо таньж мэдээгүй хүн энэ дэлхийг таньж чадахгүй” гэдэг.

Эх орныхоо байгалийн болон түүхийн дурсгалт газраар аялах хэн бүхэн нэн тэргүүнд эх байгалиа хайрлан хамгаалах иргэний үүргээ ухамсарлан маш цэмцгэр аялаарай гэж хүсэж байна. Мөн байгалийн дурсгалт газар аялахдаа зөвхөн авто замтай газраар л машин техникээр зорчоорой. Тухайлбал, Хүйсийн найман нуур хэмээх үзэсгэлэнт газрыг зорих бол авто зам төгсөх газраас зөвхөн явганаар эсвэл мориор болон ердийн хөсгөөр яваарай.

Байгаль дэлхий энэ зуунд хүний хөлд асар их сүйдэж байгааг мартаж болохгүй. Түүх соёлын дурсгалт газар аялахдаа тухайн соёлын өвийн эх төрхийг алдагдуулахгүй аялах нь чухал. Өөрөөр хэлбэл, хадны зураг, гэрэлт хөшөө, дурсгал дээр нэрээ бичих, сүү шар тос түрхэх зэрэг нь хэдэн зуу, мянган жилийн түүхэн дурсгалын эх төрхийг алдагдуулж, сүйтгэж буй хэрэг юм. Түүнээс гадна төрөлх аймаг, сум, орон нутаг болон тухайн аялж буй аймгийн “Орон нутгийг судлах музей”-г заавал үзээрэй. Энэ нь таны болон таны гэр бүл, үр хүүхдийн оюун мэдлэгийг тэлээд зогсохгүй соёлын дурсгалыг судлах, сурталчлах, дэлгэрүүлэхэд хувь нэмэр болно. 

 

Б.Идэр-Од: Хөвсгөл нуурын эрэг дээр жил болгон очдог. Ой модон дундуур морьтой явж, нуурын толио харж суух дуртай
 

Тэрбээр "UB comedy"-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Hippocards аппликейшний үүсгэн байгуулагч. Түүний хөдөлмөрч зан, зөвөөр үлгэрлэгч байдал нь олон залууст урам зориг өгдөг билээ. 

- Энэ зун таны аяллын маршрут хаагуур байх вэ? 

-  Миний энэ жилийн аяллын маршрут Хөвсгөл нуур, Дундговь /Цагаан суварга/, Өмнөговь /Ёлын ам/ байсан. Эдгээр газрууддаа бүгдэд нь оччихсон.

- Яагаад эдгээр газрыг сонгож, аялах болсон бэ?

- Хөвсгөл бол миний аав ээжийн нутаг, хамаатнууд маань байдаг гэдэг утгаараа очих дуртай. Ерөнхийдөө Хөвсгөл нуурын эрэг дээр жил болгон очдог. Ой модон дундуур морьтой явж, нуурын толио харж суух дуртай. Дундговийг сонгосон шалтгаан нь говийн эко систем нь их сонирхолтой санагддаг бөгөөд тэмээ, говийн ургамлуудыг ажиглах дуртай. Харин Өмнөговийн тухайд зам нь сайхан. Мөн говийн байгалийн цогцолбор газрууд байдаг нь сонирхолтой. Говь маш халуун, элсэрхэг болохоор найзуудаараа үдэшлэг хийх дуртай. Америкийн "Burning Man" фестивал шиг гадаа элсэн дээр шоу хийх гоё санагддаг.  

- Таны аялалд гарахдаа заавал авч явдаг гурван зүйл юу вэ? 

- Хөдөө олон хоногоор явахад цайны газруудын хоол ундны чанар өөр өөр байдаг учраас заавал хоол бэлдэж авч явдаг. Тухайлбал, вакумжуулсан хулууны шөл авч явдаг. Дээрээс нь жимс, нэг хүний хоёр литр ус заавал авч явдаг. Яагаад гэвэл жимс ногоо идэж байж ислэг сайн авна. Ингэснээр хөдөө өтгөн хатах зэрэг асуудал үүсэхгүй байхад хэрэгтэй байдаг. Мөн нарны малгай, нарны тос авч явдаг. Манай Монгол Улс хойд зүг рүүгээ их өндөрлөг болохоор наранд түлэгдчихвэл арьсанд маш их хортой. Зүгээр борлож байна гэж бид бодоод байдаг боловч үнэн хэрэгтээ арьсаа их гэмтээж байдаг.

- Аялалд гарахын өмнө анхаарах ёстой нэг зүйлийг зөвлөөч гэвэл та юу зөвлөх вэ?

- Холын замд гэрлээ зөв шилжүүлж, замын аюулгүй байдалдаа анхаарч явахыг зөвлөмөөр байна. Ялангуяа, манай жолооч нар гүйцэж түрүүлж байхад зэрэгцэж хаазаа гишгээд байдаг. Гүйцэж түрүүлж байгаа машиныг гүйцэж түрүүлээч гэж хэлмээр байна.  

 

Б.Сарантуяа: Үүргэвчээ үүрээд зориглоод аялалдаа гар, таныг гайхалтай үйл явдлууд хүлээж байх болно
 
Б.Сарантуяа

Тэрбээр 22 насандаа нэгэн зорилт тавьсан нь 25 хүрэхээсээ өмнө 25 орноор аялах байв. Залуу хүн бүрээс үл гарах зоригтой шийдвэрийг гаргасан тэрбээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд эх орноо оруулан нийт 42 орноор үүргэвчтэй аялжээ. Б.Сарантуяа одоогоор “Nomadic Soul”-ийг байгуулан, хамгийн хямд зардлаар олон орноор аялах аяллыг залууст санал болгон ажиллаж буй.

-Таны энэ зун хаашаа аялах бодолтой байна вэ. Төлөвлөгөөгөө гаргасан уу?

Энэ жил дэлхий нийтийг цочроосон цар тахалтай холбоотойгоор хил хаалттай байгаа учраас би энэ зун өөрийн орны үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл нуур руу үүргэвчээ үүрээд аялахаар төлөвлөсөн.

-Өмнө нь Хөвсгөлд очиж байсан уу. Яагаад заавал Хөвсгөл нуурыг зорих болов?

Анх 2015 оны зун мотоциклоор гурван өдөр орчим аялж, Хөвсгөлд очиж байлаа. Тухайн үеийн аялал үнэхээр сонирхолтой, адал явдалтай аяллын нэг болж чадсан. Дараа нь 2016 оны өвөл найзтайгаа явган аяллаар Хөвсгөлийн мөсний баярыг үзсэн. Хөвсгөл рүү хийсэн өвлийн аялал маань ч надад олон сайхан дурсамж үлдээсэн. Тиймээс энэ жил өмнөх дурсамжуудаа сэргээгээд Хөвсгөл рүү дахин аялахыг хүссэн юм. Зөвхөн үүргэвч, майхантайгаа гарах энэ жилийн аялал маань энгийн юм шиг мөртлөө адал явдлаар дүүрэн аялал болно гэж бодож байна.

- Таны аялалд заавал авч явдаг хамгийн чухал гурван зүйл юу вэ?

-Аялалд гарахдаа заавал авч авдаг гурван зүйлийн хамгийн эхэнд аяллын чухал хэрэгцээ багтсан үүргэвч байх болно. Дараа нь утас, мөнгө ?.

- Тань шиг олон залуу энэ зун аялалд гарахаар төлөвлөж суугаа байх. Тэдэнд аялалд гарахаасаа өмнө юуг анхаараарай гэж зөвлөмөөр байна вэ?

Аялалд гарахаасаа өмнө төлөвлөгөөгөө нарийн гаргаж, очих газар, зардлаа сайн тооцоолох хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй зарим хүн аяллаас үнэхээр ямар нэг адал явдал хайж байж болох юм. Тэдэнд хандаж хэлэхэд, зүгээр л үүргэвчээ үүрээд зориглоод замдаа гар, таныг төсөөлшгүй гайхалтай үйл явдлууд хүлээж байна.

 

 О.Билгүүн: Энэ зуны аяллын төлөвлөгөөнд орсон газруудаа Монголын Швейцар гэж төсөөлж байна 
 

“Яг түүн шиг 3” шоунд амжилттай оролцсоноор нь О.Билгүүнийг олон хүн мэддэг. Тэрбээр “Гэрэлт гудамж” төслийг удирдан гүйцэтгэж байсан бөгөөд сүүлийн үеийн олон кинонд дүр бүтээгээд буй залуу уран бүтээлч юм.

-Та сүүлийн үед цахим хуудастаа аяллын зургууд оруулах болжээ. Энэ зун очихоор төлөвлөсөн газраараа аль хэдийн аялаад эхэлчихсэн үү?

- Тийм. Би ер нь энэ зуныг аялж өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа. Зун болохоос өмнө Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Увс зэрэг аймгаар аялна гэж дотроо аль хэдийн төлөвлөчихсөн байсан. Саяхан Өмнөговь аймагт очоод ирсэн. Наадмын дараа бусдаар нь аялах төлөвлөгөөгөө гаргачихсан болохоор одоо авч явах зүйлээсээ эхлээд бэлтгэлээ хангаж байна.

-Яагаад дээрх аймгуудыг онцлон сонгосон чинь сонирхолтой байна. Тайлбарлаж болох уу?

Дэлхийн улс орнуудаас Швейцарыг олон хүн үзэсгэлэнт байгальтай гэцгээдэг. Жуулчид Швейцар улс руу аялахдаа гайхамшигт байгалийн өвөрмөц тогтоц, гоо үзэсгэлэнд нь татагддаг гэдэгт итгэлтэй байна. Энэ зуны аяллын төлөвлөгөөнд маань орсон дээрх газрууд үнэхээр үзэсгэлэнт байгальтай учраас би тухайн орон нутгийг Монголын Швейцар л гэж төсөөлж байна. Өөрөөр хэлбэл, говь, ой мод, нуур гээд миний үзэхийг хүсдэг бүхий л байгаль дээр дурдсан аймгуудад байдаг учраас л онцолж төлөвлөгөөндөө орууллаа.

-Та одоогоор аяллын бэлтгэлээ хангаж байна гэлээ. Хамгийн түрүүнд марталгүй авах гурван зүйлээ нэрлэхгүй юу?

-Аялалд авч явдаг хамгийн гол зүйл гэвэл мэдээж майхан, тогоо, мишок. Учир нь би аялахдаа амралтад бараг л хонодоггүй. Аяллын хугацаандаа үргэлж хээрээр буудаллаж явдаг болохоор майхан, тогоо, мишок гурав хамгийн чухал анхны хэрэгцээ гэж бодож байна.

-Бусад аялагчдад өгөх зөвлөгөө байна уу?

- Аялалд гарах гэж байгаа хүмүүст юун түрүүнд машины аюулгүй байдлыг хангаж, автомашиныхаа үзлэг, үйлчилгээг бүрэн хийлгэсэн байх шаардлагатайг онцолж захимаар байна.

Хол замд гарах гэж байгаа хүнд өөрийнх нь болон дотнын хүмүүсийг тээвэрлэж яваа автомашины бүрэн бүтэн байдал хамгийн чухал зүйл шүү дээ. Тийм учраас наад зах нь нөөц дугуйгаа үргэлж авах болон хурд хэтрүүлэхгүй байж машины татлага, өргөгчөө хамгийн чанартайг сонгох хэрэгтэй.

Түүнээс гадна машиндаа анхны тусламжийн хайрцаг, нарны тос, шумуулын тос, харшил болон гэдэсний эмийг байнга авч явах ёстой. Мөн байгаль орчноо бохирдуулахгүй байх үүднээс хогийн уутыг хэзээ ч мартаж болохгүй. Хоол хийж идэхийн тулд газын хошуу, чүдэнз, гал асаах суурь тулга зэргээ авсан эсэхээ дахиад нэг шалгахад гэмгүй. Миний аяны хүнсэнд будаа, гоймон байнга багтдаг. Будаа, гоймонг хээрийн аяллын хүнсэнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой.

Мөн юмыг яаж мэдэх вэ гээд гар утсандаа “maps me” аппликейшн суулгачихвал төөрөхгүй. Аяллаа илүү хөгжилтэй, гоё байлгах үүднээс тусдаа хөгжим авч явж болох юм. Эцэст нь, аяллаас үлдсэн дурсамжийг сануулахад гэрэл зураг л хамгийн чухал нь байдаг учраас очсон газрынхаа байгалийн зургийг алдалгүй аваарай гэж зөвлөе. Аялагч нартаа амжилт хүсье.

 

Г.Тэнүүн: Анхаарал болгоомжтой, яаралгүй яваад ирэхийг л хүмүүст зөвлөмөөр байна
 

Тэр бол залууст зориулсан контемпорари хэв маягтай загварууд урладаг "93KIDULT" брэндийн үүсгэн байгуулагч бөгөөд аливаа зүйлд эерэг хандлага, хөдөлмөрч байдлыг эрхэмлэдэг залуусын төлөөлөл юм. 

- Энэ зун таны аяллын маршрут хаагуур байх вэ? 

Энэ зун Хөвсгөл явах төлөвлөгөөтэй байгаа. Би ер нь хөдөө тийм ч олон явж байгаагүй юм байна лээ. Инстаграм найз нөхдийнхөө аялж явааг хараад аялах хүсэл өөрийн эрхгүй төрсөн.

- Яагаад тухайн газрыг сонгож, аялах болов?

Гэр бүлийнхэндээ, ялангуяа хүүхдэдээ Хөвсгөл далайг үзүүлэх зорилготой явах гэж байгаа юм. Өмнө нь Хөвсгөл далайд орой нь очоод, өглөө нь буцаад явчихсан. Тухтай ч байж чадаагүй учраас энэ удаа тухтай очоод амарч үзэх бодолтой байна.

- Таны аялалд гарахдаа заавал авч явдаг гурван зүйл юу вэ? 

Би нэг их аялаад байдаггүй болохоор энэ тал дээр жаахан туршлага муу байж магадгүй. Ямар ч байсан уух ус, анхны тусламжийн эмнэлгийн хэрэгсэл болон хогоо хийх уут авч явахыг эрмэлздэг.

- Аялалд гарахын өмнө анхаарах ёстой нэг зүйлийг зөвлөөч гэвэл та юуг зөвлөх вэ?

- Сайн төлөвлөөд, бэлтгэл ажлаа сайн хангаад, ялангуяа техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаэ, яаралгүй, төлөвлөсөн хугацаандаа аюулгүй яваад ирэхийг л хичээдэг. Тэгэхээр анхаарал болгоомжтой, яаралгүй яваад ирэхийг л хүмүүст зөвлөмөөр байдаг.

 

Ө.Содгэрэл: Би хаашаа ч аялсан маш сайн судалгаа хийдэг
 

Тэрбээр Монголын Мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч бөгөөд "BURO Mongolia"-ийн ерөнхий захирал, дотоод гадаад гоо үзэсгэлэнг өөртөө цогцлоосон загварын хорхойтон юм.  

- Энэ зун таны аяллын маршрут хаагуур байх вэ? 

- Энэ зун Хѳвсгѳл аймаг явна. Жил бүр наадмын амралтыг гэр бүлээрээ Хѳвсгѳл нуур дээр ѳнгөрүүлдэг нь бидний зун бүрийн хамгийн их хүлээдэг, онцлох үе байдаг. Мѳн энэ зун бид Баян-Ѳлгий аймагт очиж Алтай Таван богд уул, 14 км урттай Потанины мөсөн гол, Цагаан салаа зэрэг байгалийн цогцолбор газрыг үзэх мѳрѳѳдѳлтэй байна. Одоогоор бид Улаанбаатар хотоос Ѳлгий рүү 2.5 цаг онгоцоор, Ѳлгийгѳѳс Алтай Таван богдын байгалийн цогцолбор газар руу таван цаг машинаар явж очих тѳлѳвлѳгѳѳтѳй байгаа. 

 Яагаад эдгээр газар аялахаар сонгосон бэ?

- Аав минь Хѳвсгѳлийнх. Би багадаа аав ээжийгээ дагаад зун бүр Хѳвсгѳл явж, нууранд сэлж ѳссѳн болохоор ч тэр юм уу их хайртай. Ихэвчлэн Улаанбаатар хотоос Мѳрѳн хүртэл 45 мин нисээд, Мѳрѳнгѳѳс цааш хоёр цаг машинаар явж, Хатгал дээр ирдэг. 

Баян-Ѳлгий аймгийн тухайд Монгол орны минь хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг гэгддэг энэхүү байгалийн цогцолбор газрыг ѳѳрсдийн нүдээр очиж үзэхийг зорьсон явдал.

 - Аялалд гарахдаа таны заавал авч явдаг гурван зүйл юу вэ? 

- Хаашаа, юугаар аялалд гарахаас хамааран мэдээж авч явах зүйлсийн жагсаалтууд ѳѳрчлѳгдѳнѳ. Ном, утасны цэнэглэгч, компьютероо хаашаа ч явсан үргэлж авч явдаг. Харин Монголд, зуны улиралд хѳдѳѳ аялалд гарахдаа дараах зүйлсийг заавал авч явдаг. Үүнд: 

  1. Анхны тусламжийн зүйлс болон ойр зуурын хэрэгтэй эмүүд
  2. Шумуул үргээгч наалт, бугуйвч, хазсаны дараах тос
  3. Нарны тос, нарны малгай, усны сав багтдаг.

- Аялалд гарахын өмнө анхаарах ёстой нэг зүйлийг зөвлөөч гэвэл та юуг зөвлөх вэ?

- Би хаашаа ч аялсан маш сайн судалгаа хийдэг. Очоод юу хийх, тухайн газрын соёл болон тухайн үеийн цаг агаарыг тооцоолон хувцсаа тохируулдаг. Ингэснээр аялах бүртээ цагийг үр бүтээлтэй, тухтай ѳнгөрүүлж чаддаг тул үүнийг л зөвлөмөөр байна.