Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Насанбат: Ш.Батхүү нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат танилцууллаа. 

Тэрбээр "Нийслэлийн Прокурорын газраас 2020 оны эхний хагас жилийн байдлаар мөрдөх байгууллагуудад ирүүлсэн 631 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьж ажиллалаа. 

Үүнээс 320-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дугаар олгосон. 219 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. 

Нийт хяналт тавьсан гомдол мэдээлэл нь өмнөх оноос 20.6 хувиар өссөн. Одоогоор 361 хэрэг ажиллагаанд байна. 

Оны эхний хагаст мөрдөн байцаалтын 472 хэргийг хянаж, 48.5 хувийг эцэслэн шийдвэрлэлээ. Үүнээс яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг 210 байна. 

Мөрдөн байцаалтын нийт хэргийн 57 хувь нь хөнгөн, 38.7 хувь нь хүнд ангиллын гэмт хэрэг байх ба 18 хэрэг нь 2002 оны Эрүүгийн тухай хуульд зааснаар хүнд, онц хүнд ангиллын гэмт хэрэг байна. 

2019 оны тавдугаар сараас 2020 оны долдугаар сард 7-ныг хүртэл хугацаанд олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон улс төрд нөлөө бүхий этгээдийн яллагдагчаар татсан нийт 111 хүнд холбогдох 50 хэргийг прокурор хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан 18 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. 50 хэргээс 36 яллагдагчид холбогдох 18 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-т зааснаар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаагаас хоёрыг эцэслэн шийдвэрлэсэн. Бусдынх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм" гэлээ. 

Видео: 

https://www.facebook.com/iKonNews/videos/291768115210858/

Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Олны анхаарал татсан хэргүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлэлээ. Эдгээрт прокуророос ямар зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн бэ. Иргэд зөрүүтэй мэдээлэлтэй байгаа тул тодорхой хариу өгнө үү?

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан Мэндсайханы Энхсайханд холбогдох хэргийн тухайд гол үйлдэл нь Таван толгойн орд гзрыг ашиглуулах талаар төсөл боловсруулахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэдэг зүйлчлэлээр үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг шүүх гэмт буруутайд тооцон эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өчигдөр гэм буруутайд тооцон шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа 29 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт яллагдагчаар татсан. Энэ тухай тогтоолтойгоо танилцсан уу, Монголд хэзээ ирэх вэ?

-Мөрдөх байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурор яллагдагчаар татах шийдвэрээ гаргасан. Яллагдагчаар татагдсан хүнийг эрэн сурвалжлах, гадаад улсаас авчрах чиг үүргийг мөрдөх байгууллага гүйцэтгэдэг. 

-Улсад хохирол учруулаагүй байхад нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатад ял өглөө гэх шүүмжлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Хоёрдугаар бүлэгт, тодруулбал 2.1-т нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Албан тушаалын хэргүүдэд ихэвчлэн хохирол учирсан байхыг заавал шаарддаггүй. Үйлдлийг нь гэмт хэрэгт тооцдог. 

-Мөнгө угаахтай холбоотой зургаан хэрэг байна гэлээ. Эдгээрийг тодруулж хэлж өгнө үү, ямар хэргүүд байгаа вэ?

-Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон мөнгө угаасан, хүрээлэн буй орчин хохирол учруулж мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг залилж мөнгө угаасан хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, А.Адъяасүрэн, Ц.Гарамжав нарыг шалгаж байгаа юу?

-Улс төрийн албан тушаалтан, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг дээр хэлсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа нь гэмт буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй тул тодорхой хүмүүсийн талаар мэдээлэл өгөх нь зохимжгүй асуудал.

-"ЖАСТ" группийн Ш.Батхүүтэй холбоотой асуудал ямар шатандаа байна вэ?

-Ш.Батхүү нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Энэ хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэдэг зүйлчлэлээр шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлээд удаагүй байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь явагдаж байгаа.