Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын сонгуулийн ялалтын нууцууд...

Өдрийн сонин
2020 оны 6 сарын 30
Өдрийн сонин
Зураг зураг

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн дүн гарч МАН 62, АН 11 суудал, МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан “Та бидний эвсэл” нэг, Зөв хүн Электорат эвсэл нэг суудал авч, бие даан нэр дэвшсэн АН-ын экс дарга Н.Алтанхуяг 76 дахь гишүүнээр тодроод байна. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцсон, ирц өсөж 73.65 хувьд хүрсэн. Улс төрийн 15 нам, 4 эвсэл, 121 бие даагч оролцсон 606 нэр дэвшигчтэй сонгуульд эрх баригч МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр дараалан Засгийн эрх барих эрхтэй боллоо. Энэ бол албан ёсны баримтууд...

Ээлжит сонгуулийн маргааш ялалт, ялагдлын талаар нийтлэлч Д.Баярхүү “Монголын ард түмэн сонголтоо хийчихсэн. Та хэчнээн ухаантай эрдэмтэй байгаад ард түмнээсээ л мандат авна. Өөрөөсөө биш, гэр бүл, найз нөхдөөсөө биш! гэдгийг өчигдөр нотолчихлоо. Монгол Улс ухаантнуудаараа дүүрчихсэнийг ард түмэн харлаа. Сонгуулийн солиорол хэрээсээ хэтэрсэн. Хорин нэг хоног багаддаггүй юм байна, харин ч ихэдлээ. Бүр залхлаа. Залхсандаа дүнгээ тавьчихлаа!” гэсэн нийтлэлээ ч бичжээ.
Харин өнөөдөр улс төрийн хүрээний нэг хэсэг нь МАН-ын сонгуулийн амжилтыг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн, зарим нь үгүйсгэж байгаа юм. Ялалт, ялагдлын үнэ цэнэ адилхан байдаг болохоор гомдогсод хэзээд гарч ирнэ гэдэг л энэ болж байх шиг байна.

Ингэхэд МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны нууц юу байв. Яагаад ялалтын туг МАН-д очив оо? Олон хүн ийм асуулт тавьж байгаа. Гэхдээ энэ асуулт зөвхөн МАН-ын ялалтын маргааш хөндөгдсөн болохоос биш аль хэдийнэ, сонгууль зарлагдахаас хавьгүй өмнө дэлхийг айлгаж байгаа Коронавирусийн аюул, тахал өвчнийг дотооддоо алдчихалгүй хангалттай сайн манаж байгаа МАН-ын Засгийн газар энэ сонгуулийн ялагч байх болно гэдгийг бүгдээрээ яриад, хэлээд, бичээд ирсэн нь бас үнэн билээ.
Сонгуулийн сурталчилгааны өдрүүд эвгүй. Улс төрийн 15 нам, 4 эвслээс дэгдээж буй бараан сурталчилгаа, салхи шуургыг сайн зохион байгуулалтаар л давахгүй бол энэ давалгаа нэг л мэдэхэд МАН-ын эерэг хэмээн тооцож байсан бүгдийг хийсгэх боломжтой. Сонгуулийн өдрүүдэд МАН-ын Төв штаб 18 талаас нь шидэлсэн хар мэдээ, бараан шуургатай тэмцсэн. Гэхдээ энэ шуургыг зөөлөн хариулж, МАН-ыг ялалтад хүргэсэн хүн бол сонгуулийн штабыг удирдаж УИХ-ын сонгуульд оролцсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. 

Үндсэндээ Д.Амарбаясгалан намын штабаа нэг гараар зангидан барьж, зөв тактиктай ажиллаж намаа ялалтад хүргэснийг ч МАН-ынхан яриад эхэлсэн. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр цэвэр хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн амласнаасаа хойш У.Хүрэлсүх ч, Д.Амарбаясгалан ч нэр дэвшигчдээ тодруулах хүртэл хэнийг хаана сойхоо зарлаагүй. Хэний ч санаанд оромгүй нэр дэвшигчид МАН-аас тодорсон. Тэднийг бүгд л шүүмжилж, МАН тойргоо сул тавиад өгсөнтэй ижил нэр дэвшигчид тодруулжээ. АН-тай суудлаа хуваана гэж тохирсон байна ч гэж хардсан.

Гэвч олонхын энэ хардлага андуурал байж гэдгийг сонгуулийн сурталчилгааны өдрүүд, сонгуулийн дүн харууллаа. МАН-ын Төв штаб Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аймаг бүрт илгээж, залуу шинэ нэр дэвшигчдээ дэмжүүлсэн. У.Хүрэлсүх ч лидер гэдгээ баталж нэр дэвшигчдээ чирээд гаргаад ирлээ. Намын штабын зохион байгуулалт, намын даргын нэр хүндээр сонгуулийн ялалтыг тодорхойлсон түүх өнгөрсөн 7 сонгуулийн түүхэнд байгаагүй.

“Хүчээ нэгтгэе”, “Багаар нь дэмжье” гэсэн оновчтой уриа, залуучуудын сонгуульд оролцох идэвхийг сэргээж, МАН-ыг ч ялалтад хүргэхэд хүчтэй нөлөөлжээ. Үр дүнд нь УИХ-ыг попчдоосоо, ЖДҮ-чдээсээ, 60 тэрбумынхнаасаа салж, нийгмийн олонхийн хүлээсэн нэр цэвэр залуучууд парламент руу орж ирж байна. 

МАН-ын суудал алдахгүй гэж итгэж байсан тойрог хүнд байдалд орсон тохиолдол бий. Энэ бол Баянхонгор, Ховд аймаг. Баянхонгор бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн очоогүй ганц аймаг. Энд УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшиж байгаа учраас намын штаб УИХ-ын даргадаа итгэж, тойргоо бүхэлд хариуцан ажиллаж, багаа амжилтад хүргэх үүрэг өгч тохиролцсон гэдэг. Гэвч хэрэг дээрээ Г.Занданшатар МАН-ын Төв штабаас өгсөн багаар ажиллах үүрэг, багийн зарчмыг хөсөрдүүлж, ганцаарчилсан тоглолт хийсээр өөрөөсөө бусдыг жийж орхиод ирлээ.

У.Хүрэлсүх тойрч ажиллаад хэдэн гишүүнээ УИХ-д оруулаад ирэв. Г.Занданшатар төрсөн нутгаасаа хаашаа ч гарахгүй бууриа сахиж суугаад хэдэн суудлаас хэдийг алдав гэдгийн хооронд том ялгаа байгаа биз. УИХ-ын даргын энэ амиа хичээсэн зан МАН-ынханд ч, нийгэмд ч тааламжгүй сэтгэгдэл төрүүлж эхэлжээ. Ийм хувиа хичээсэн нэгнийг ТЕГ-ын дарга Д.Гэрэл дэмжээд явдаг нь ч гайхмаар... 

МАН одоо өнөө маргаашгүй шинэ Засгийн газраа байгуулах байх. Үндсэн хуулийн дагуу дөрөвхөн сайд нь давхар дээлтэй байх нь тодорхой. Харин нийгэм У.Хүрэлсүх УИХ-ыг шинэчилж чадсан шигээ Засгийн газраа шинэ залуусаар сэлбэж, мэргэшсэн залуу Засгийн газар байгуулах байх хэмээн хүлээж, найдан харж байна. Энэ хүлээлтийн хариу ямар байхаас МАН-ын өнөөдрийн нэр хүнд, нийгмийн маргааш, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуулийн өнгө харагдах юм. 

 

Д.Буян

 

Зураг