Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт Боловсрол, Эдийн засаг, Хүүхдийн эрх, Эрүүл мэндийн бодлого хэрхэн тусав?

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй 17 нам эвсэл, болон бие даагчид нийлсэн 606 хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ. 

Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс бид Боловсрол, Эдийн засаг, Хүүхдийн эрх, Эрүүл мэндийн асуудлыг хэрхэн авч үзэж, ямар бодлого хэрэгжүүлэхээр тусгасныг бид ТОВЧ байдлаар багцлан хүргэж байна. 

(Доорх нь товч хувилбар бөгөөд нам, эвсэл тус бүрийн мөрийн хөтөлбөрийг бүрэн эхтэй танилцах боломжтой линкүүдийг холбож өгсөн байгааг анхаарна уу)

Нам, эвсэл Боловсрол Эдийн засаг Хүүхдийн эрх Эрүүл мэнд
1

МАН

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу) 

Дүүрэг, аймаг бүрд ОУ-ын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр жигд хэрэгжүүлнэ. Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоно. Мөн 24 цагийн цэцэрлэгийн тоог нэмж, яслийн үйлчилгээг сэргээнэ.  Хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Хот, хөдөөгийн ялгааг багасгаж, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Органик хүнс, эрчим хүч экспортлогч орон болно.  Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ гэжээ. Томоохон хөтөлбөрүүдийг үргэлжүүлэхээс гадна “Эрүүл чийрэг эр хүн”, “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Сувилагч, асрагчаар суралцагсдыг нэмэгдүүлэх бөгөөд мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна.
2

АН      

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг 20 байр урагшлуулж, хот болон орон нутаг, төр, хувийн өмчит сургуульд суралцагчдын ЭЕШ-ын онооны зөрүүг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангах бөгөөд тусгай хэрэгцээт иргэдтэй ажиллах мэргэжилтэн, дохионы хэлний орчуулагч, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэж, нийгмийн баталгааг нь эрс дээшлүүлнэ. Хямралын үеийн онцгой бодлого буюу ажлын байрыг хадгалж, иргэн, бизнесээ дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх бол 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, монгол хүний бодит орлогыг дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээ (нэг хүнд ногдох ДНБ-ний 10 хувь)-д хүргэж, нийт эдийн засгийг 40 тэрбум ам.долларт хүргэх бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.
Эдийн засгийн өсөлтийг хангах том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

 
Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрд ялгаварлалгүйгээр олгодог бодлого болон хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сэргээнэ.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулна.
Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, эх болон нярайн эндэгдлийг бууруулж, иргэд эрүүл мэндийн шалтгаанаар санхүүгийн эрсдэлд орохгүй байхаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд реформ хийнэ.
Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тэр дундаа сувилагч бэлтгэх сургуулиудыг дэмжинэ.
Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэнэ.
3

Монголын ногоон нам 

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)  

“Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн өмчийн их, дээд сургуулийг хотхоноор зохион байгуулна. Бага насны хүүхэд болон СӨБ-ын түвшинд эцэг, эх байх боловсролыг олгож, хүүхдийн өсөлт, хөгжил, боловсролд нь тэнцүү анхаарсан хөтөлбөртэй болно.   ААН-ийн албан татварын орлогын хэмжээгээр шатлалтай болгож, жилд 200 тэрбум төгрөгөөс их орлоготой ААН-д 80 хүртэл хувийн ашгийг албан татвар ногдуулах “Баячуудын татварын тухай” хуулийг санаачлан хэрэгжүүлнэ.
Бохир усыг цэвэршүүлэн хүнсний хэрэгцээнээс бусад зүйлд дахин ашиглах орчин үеийн техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх замаар “Ногоон эдийн засаг”-ийг хөгжүүлэхээр ажиллана. 
 
Өсвөр насны хүүхэд залуучуудыг хөдөлмөрийн мөлжлөгөөс найдвартай хамгаалж, тэдний чөлөөтэй өсөн бойжих эрхийг эдлүүлнэ.

Түүнчлэн “Хүүхэд бол хүн” хэмээн “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д тусгасан эрхийг хамгаалах, бодитоор эдлүүлэх аргачлалыг боловсронгуй болгож, “Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага”-ын чадамжийг төгөлдөржүүлнэ.
Алсын зайны оношилгоо, эмчилгээний аргуудыг эмнэлэгт нэвтрүүлж, хувь хүний өвчний түүхийг цахим картын нэгдсэн сүлжээнд оруулах бөгөөд эмч мэргэжилтнүүдийн цалин, нэмэгдэл, урамшуулал, шагналын тогтолцоог эрүүл мэндийн дэвшилтэт даатгалтай холбон боловсронгуй болгоно.
“Хүүхэд бүрд нэг аяга сүү” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулсан “Тохируулгатай ” ажлын байр бий болгоно.
4

Та бидний эвсэл   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Ерөнхий боловсрол олгохдоо шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ монгол соёл уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, ёс суртахуунтай иргэн бэлтгэж, амьдралдаа эзэн болж явах чадвар суулгахад түлхүү анхаарна.
Залуучууддаа төр засгийн зардлаар дээд боловсрол олгож, нарийн мэргэжил, эзэмшүүлнэ.
Монгол хүн бүрийг өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлнө.

"Өрх бүрд орон сууц" хөтөлбөр боловсруулна.
Эрүүл мэндийн олон улсын стандартад нийцсэн эх, нялхсын “Эх нялхас” үндэсний төв байгуулах асуудлыг судална.

Хүүхэд хөгжүүлэх төв, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээх төвийг засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу байгуулах ажлыг дэмжинэ.
Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцаж, иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн эдэлнэ. Жил бүр 40-өөс дээш насны иргэдийн хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүйгээр заавал хамрагддаг эрх зүйн орчныг бий болгоно. 
5

ШИНЭ эвсэл  

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)  

Цэцэрлэгийн өмнөх болон сургуулийн өмнөх насны, ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчилж, 10-аас доошгүй жил хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. НӨАТ-ын буцаан олголтыг бүрэн олгох, ЖДҮ-чдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах, банкны системийг олон нийтийн хяналттай болгоно.   Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих, ялын дээд хэмжээг оноох эрх зүйн орчин бүрдүүлнэ Төрийн өндөр албан тушаалтан эх орондоо хийх боломжтой эмчилгээг гадаад улсад хийлгэхийг хориглож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгон, хүн бүр даатгалаараа үзлэг шинжилгээнд хамрагдан, өвчнөөс урьдчилан сэргийлэх оновчтой бодлого хэрэгжүүлнэ.
6

Зөв хүн электорат эвсэл   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

ЕБС-ийн хөтөлбөрт малчин айлд  тодорхой хугацаанд ажиллаж, ахуй соёлоос суралцах хөтөлбөр тусгайлан нэмж, орон даяар нэвтрүүлнэ.
Дээд боловсролыг гурван жилд эзэмших боломж бүрдүүлж, төрийн сангийн зээлд хамрагдах үйл явцыг нээлттэй, шударга болгохоос гадна өрхийн орлого, оюутны сурлагын амжилтаас хамаарсан сургалтын зардлын хөнгөлөлт болон төрийн сангийн тэтгэлгийн тогтолцоог бий болгоно.
Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц болох төслүүдийг эрэмбэлэн санхүүжүүлж, хөрөнгө оруулалтын шийдвэр болон санхүүжилтийг ил тод болгож, жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1/3 хэсгийг улсын чанартай дэд бүтцийн хөгжил, инноваци, ажлын байр нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнд зориулах бодлого баримтлана.
Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улстөрчид ба намын нөлөөллөөс ангижруулж, иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгоно. 
Хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн сошиал медиа ашиглалт, унтах цаг, оройн үзвэрийн хязгаарлалт зэргийг хамарсан сахилга, хүмүүжлийн нэгдсэн зөвлөмж гарган журамлаж, бүх хүүхэд ашиглаж болох стандарт нэвтрүүлж, хэвшүүлнэ.
Улаанбаатар, Дарханы хүүхдийн паркийн газрыг чөлөөлүүлж, бүхэлд нь олон нийтэд нээлттэй, тайван амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна.
Иргэд оршин суугаа газрын харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан ЭМД-аар бүх шатлалын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хамруулах ажлыг өрхийн эмнэлэг, хорооны нийгмийн ажилтны ажил үүргийн хуваарьт суулгаж хэрэгжүүлэх, бүртгэлд бүрэн хамруулна.

Эх хүүхдийн эндэгдэл болон зүрх, судас, хорт хавдраас шалтгаалсан нас баралт, осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тохиолдлыг бууруулах тодорхой зорилтууд тавив.
7

Ард түмний нам   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Монгол хэл, бичгийн боловсролыг чанартай эзэмшүүлж, ОУ-д зориулсан Монгол хэлний шалгалтын үндэсний хөтөлбөр бий болгоно. Нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, хүн бүр насан туршдаа суралцах боломж бүрдүүлнэ. Иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрт нийгмийн даатгалд төлсөн мөнгийг тооцдог болгохоос гадна инновац, шинэ технологи зэрэг зорилтуудыг дэмжих чадавхтай, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сан бий болгож, бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулан, эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулна. Хүүхдийн соёлын өв, хөгжлийн төвийг олон нийтийн оролцоотой өргөн хүрээнд зохион байгуулахаас гадна цус ойртолтоос сэргийлж, удамшлын өвчин, төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгооны чадавхыг дээшлүүлнэ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэгдсэн зохицуулалттай бүсчилсэн сүлжээг хөдөө орон нутагт байгуулж, цахим үйлчилгээг өргөжүүлэн үндэсний эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлнэ.
Нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний тогтолцоо бий болгож, иргэдийн дундаж наслалтыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ.  
8

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, сургалтын хөтөлбөрт түүхийг гуйвуулах, сургалтын программыг хэн дуртай нь өөрчилдөг асуудлыг зогсоох, гадаад орнуудын тэргүүний стандартыг нэвтрүүлэх нэрээр шашны урсгалыг сурталчлахыг хална.
Дээд боловсролын салбарт шударга өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлж, төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанарт тавих шалгуурыг өндөржүүлнэ.
Орон сууцны зээлийн хүүг 3 хүртэл хувь болгож, урьдчилгаа хувь авахгүй, төрөөс баримталж байгаа орон сууцны зээлийн түрээсийн хэлбэрийг өөрчлөх эрх нээгдэх эрх зүйн орчныг судална.
Төрийн өмчийн оролцоотой компаниудыг ажиллуулж, Норвегийн уул уурхайн эрх зүй орчныг Монголын хөрсөнд тохирох эсэхийг судална.
Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг боловсронгуй болгох төр, гэр бүл, иргэн бүрийн үүрэг хариуцлагыг сайжруулах. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрх айл, иргэн бүрт чанартай, хүртээмжтэй хүргэж, иргэд эмнэлгийн байгууллага, эмчээ сонгон үйлчлүүлэх боломж олгоно.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бүх нийтийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлнэ.
9

Хөгжлийн хөтөлбөр нам   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

2021 оноос ЭЕШ-ын онооны 25%-ийг Монгол бичиг, Монгол хэлний найруулга, зөв бичих дүрмийн хичээлээр тооцох журамд шилжүүлнэ.
Шинжлэх ухаан, инновацын салбарын санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгийн 2.5%-тай тэнцэх хэмжээнд тогтоож, их, дээд сургуулиудад туршилтын лаборатори, судалгаа шинжилгээний баазтай байх шаардлагыг үндэсний стандарт болгон мөрдүүлнэ.
Төв банкны бодлогод өөрчлөлт хийж, гадаадын мөнгө хүүлэгчдийг хязгаарлаж, арилжааны банкууд, ББСБ, ХЗХ-ны хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоохоос гадна үндэсний мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлж, доллар төгрөгийн харьцааг ойртуулна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр авах бараа үйлчилгээг үндэсний үйлдвэрлэгчдээс авдаг болох системийг хэвшүүлэн, бичил бизнесийг дэмжих сан бий болгоно. Урлагийн гоц авьяастай хүүхдүүдийг гадаадын алдартай сургуульд бэлтгэдэг байсан уламжлалыг сэргээж, хөгжмийн консерватори байгуулна.
Сум, орон нутагт спортын тэмцээн зохион байгуулж, хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа биеийн тамирт зарцуулах боломжийг нэмэгдүүлнэ.
Иргэдийн амь насанд аюул учруулж буй түгээмэл өвчнийг дэлхийн түвшинд оношилж, эмчлэх үндэсний төвүүдийг төрөлжүүлэн бэхжүүлэхээс гадна түргэн тусламжийг 5-10 минутад очих хэмжээнд хүртэл тоог нь нэмэгдүүлнэ.
Эмнэлгүүдийг орчин үеийн технологиор тоноглож, нарийн шинжилгээг ЭМД-аар хийдэг болгож, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэн, хүнсний бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндийг дэмжих нэмэлт витаминаар баяжуулан үйлдвэрлэнэ.
10

Эх орончдын нэгдсэн нам

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Ерөнхий боловсролын  сургалтад агуулга, арга зүй, сурах бичгийн нэгдсэн стандарт тогтоож, бага, дунд анги дүүргэлтийг 25-аас дээшгүй байхаар төлөвлөнө. МСҮТ-ийн харьяаллыг БСШУСЯ-нд шилжүүлж, мэргэжлийн сургалтыг ахлах ангийн хичээлийн хөтөлбөрт оруулж, дээд боловсролын системд багшлах боловсон хүчинд өндөр шаардлага тавина.  Эдийн засаг, стратегийн ач холбогдолтой салбаруудад төрийн хяналт тогтоох тухай хууль санаачлан батлуулж, өмнө хувьчлагдсан стратегийн ордуудад төрийн хяналт тогтоож, үр ашгийг дээшлүүлнэ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжил, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт оруулахыг хөхиүлэн дэмжинэ. 
Хүүхэд төрөх, эрүүл саруул өсөж торних, амар тайван амьдралыг хангахад чиглэсэн нийгмийн хамгаалал, даатгалын зөв орчныг бүрдүүлнэ. Хүүхдийн хөгжил саатаж буй сөрөг үзэгдлийг бууруулах зорилгоор хүүхэд төрүүлсэн эх, нэн ядуу өрх, гадаадад ажиллаж байгаа иргэдийн хүүхдүүдэд чиглэсэн улс төрийн шийдэлтэй тодорхой нийгмийн хамгааллын бодлогыг дэвшүүлнэ. "Эрүүл монгол хүн" төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг дэмжиж, ардын/уламжлалт/ болон нөхөн сэргээх эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулна.
11

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлж, ясли, СӨБ, ЕБС-д хамрагдалтыг 80%-д хүргэх нөхцөл бүрдүүлнэ.
Сургууль бүрийн дэргэд судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн иж бүрэн лаборатори байгуулж, өндөр шалгуураар үнэ төлбөргүй сургах бодлогыг хуульчлахын сацуу эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх зэргээр реформ хийнэ.
Газар тариалангийн салбарыг дэмжин хөгжүүлэх эдийн засгийн шинэчлэлийн бодлого баримтална.

2020-2024 оны эдийн засгийн дундаж өсөлтийг 5.5 хувиас доошгүй байлгах ба үндэсний 9 том үйлдвэр байгуулж, 50,000 ажлын байр бий болгож, Үндэсний сэргэн мандалтын тусгай сан, Залуучуудын болон Гадаад худалдааны яам байгуулна. 
Хүүхдийн хүчирхийллийн тухай хууль боловсруулан батлуулж, УИХ-ын дэргэд Хүүхдийн дэд зөвлөл байгуулна.
Монгол эмэгтэй хүнийг жирэмслэхээс нь эхлээд хүүхэд төрөх, хүмүүжүүлэх, сурч боловсроход нь төрийн зүгээс эдийн засгийн болон баталгаат амьдралын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл үндэстний дундаж цалинтай тэнцэх тэтгэвэр олгохыг үргэлжлүүлнэ. 
Үр хөндөлтийг зохицуулах тухай хууль боловсруулж, батлуулах бөгөөд монгол хүний дундаж наслалтыг 70-д хүргэж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 90 орны нэг болгоно.

Төрийн ба хувийн даатгалын хосолсон  системд шилжүүлэхийг хуульчлах, иргэн бүрийг иж бүрэн эрүүл мэндийн цогц оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөх, нарийн мэргэжлийн таван эмнэлэг барьж, анагаахын салбарыг урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжүүлнэ.
12

Ард түмнээ хайрлая нам  

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Хүүхэд, залуу үедээ монгол хүнээ, эх газар нутаг, унаган байгалиа, уламжлалт түүх, хэл, соёл, ёс заншлаа хайрлан хамгаалах, дээдлэх,сур мэдэх, бүтээлчээр хөгжүүлэхэд чиглэсэн боловсрол эзэмшүүлж, тэднийг жинхэнэ хүн болж төлөвшүүлэх боловсролын шинэчлэл хийнэ.
Их, дээд сургуулийн хөтөлбөрийг чанаржуулах, нэгтгэх, цөөлөх чиглэлээр хянан магадлаж, УБ хотоос хөдөөд шилжин байрших, инженер технологийн мэргэжлийн элсэгчдийн хувийг нэмэгдүүлэхийг дэмжих бодлого баримтална.
Түүхий эдийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай үйлдвэржилтийг дэмжих бодлого баримтална.

Төрийн болон хувийн өмчийн монополь компаниуд иргэдэд хувьцаа эзэмшүүлэх замаар өмч хөрөнгөө ард түмний хяналтад оруулах, өмч хөрөнгийн хэт төвлөрлийг задлах, нийгэмд өмч, орлогын тэгш байдал бүрдүүлэх бодлого баримтална.
Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд зэрэг зорилтот бүлгийг дэмжих бодлогыг бүтээлчээр үргэлжлүүлж, зорилтот бүлгийн нийгмийн халамжийн тусламж, тэтгэмжийг тогтвортой өсгөх бодлого хэрэгжүүлнэ. Хүн ардын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалд түлхүү чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлнэ. 
13

Зон олны нам  

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Авьяас чадвар, мэдлэг туршлага, оюунлаг боловсролтой монгол хүнийг олон улсад өрсөлдөх боломжоор хангах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.  Төсвийн зардал, татварыг бууруулах бодлого баримталж, халамжийн бодлогыг чанаржуулна.
Ажлын байр, цалин орлого, жижиг, дунд бизнес эрхлэх таатай нөхцөлийг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.


Эх хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоно. 
Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна. 
14

Дэлхийн монголчууд нам 

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

ЕБС-ийн сурагчдын хүмүүжлийг сайжруулах асуудлыг чухалчлах, хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг коллеж, их, дээд сургуульд суралцах боломжоор хангах, МСҮТ-ийн үйл ажиллагааг бүсчилж, зарим их дээд сургуулийг Дархан,Эрдэнэт, Багануур руу нүүлгэн шилжүүлнэ. Шилэн дансны хуулийг сайжруулах, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоодын ААН-үүдийг импортын татвараар дэмжинэ. Уул уурхайн салбараас эдийн засгийн хамаарлыг бууруулж, дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Насанд хүрээгүй хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэгт чиглэсэн бодлого, үйл ажиллагаа нь бидний тэргүүн зорилтын нэг байх болно.  Эрүүл зөв хооллолт, урт насжилт хөтөлбөр, 0-21 насны хүүхэд, залуусыг гадаад, дотоодын даатгалын системээр бүрэн төгс оношилгоо, эмчилгээ авах хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж, хүүхдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа нь тэргүүн зорилтын нэг байх болно.
15 Ард түмний олонхийн засаглал нам  (Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу) Боловсролын системд үндэсний түүх, хэл, соёл, уламжлалаараа хойч үеэ сурган хүмүүжүүлэхэд онцгой анхаардаг болгох, үндэсний боловсон хүчнийг хэрэгцээ шаардлагад тохирсон хэмжээнд бэлтгэх бодлого боловсруулна.
“Ёс суртахуунтай Монгол иргэн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгоно.
Иргэн бүрт баялаг бүтээх үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалж үйл ажиллагааг нь дэмжих банк байгуулан үйлдвэрлэл эрхлэх санаачилгыг бүх талаар бодитой дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
 
Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулах, худалдан авах чадварыг сайжруулах бодлого барих эрх зүйн орчинг бий болгоно.
Иргэдээ сайн сайхан, амар амгалан, аз жаргалтай амьдралд хүргэх. Байхгүй
16

Их эв нам

 (Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу) 

Боловсролын салбарыг гэгээрлийн салбар болгох ажлыг хууль, эрх зүйн хүрээнд хийх бөгөөд ёс заншилтай холбоотой хичээлүүдийн цагийг нэмэгдүүлж, бүх шатны боловсрол олгох үйл ажиллагааг үнэ төлбөргүй болгох бодлого баримтална. Өрх бүхэн үйлдвэрлэгч байх тогтолцоог бий болгож, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх бөгөөд банкны салбарыг олон улсын өрсөлдөөнд оруулж, өргүй амьдрах бодлого хэрэгжүүлнэ. Тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлж, экспортын бүтээгдэхүүний төрөл, тоо, чанарыг эрчимтэй нэмэгдүүлэх бодлого боловсруулж батлуулна. Эв хамтач, эвсэг нийтэч, хүн чанар, хүнлэг сэтгэлтэй, нинжин энэрэнгүй монгол хүнийг хүмүүжүүлэх болоод уламжлал, шинэчлэлийг хослуулсан 21 дүгээр зуунй зөв, үнэн, шударга, ариун монгол хүнийг төлөвшүүлнэ. Эрүүл мэндийн аливаа эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй болгох бодлогыг баримталж, эрх зүйх орныг нь бий болгохын төлөө ажиллана.
17

Гэр хороолол хөгжлийн нам   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Байхгүй Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг гэр хорооллын үйлдвэрлэгч рүү төвлөрүүлэх арга хэмжээ авна.      
                                                              
Уул уурхайн бүхий л баялгийг нийт ард иргэддээ хувьцаа болгон эзэмшүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, уул уурхайн компаниудыг дотоодын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг болгох хууль, эрх зүй бий болгоно.
Байхгүй Байхгүй
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.