Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан” ашиглалтад орлоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад орууллаа. 

Томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжсэн нь эмнэлэг өөрөө хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа аж.

УНТЭ-ээс эхлүүлсэн уг ажил амжилттай хэрэгжих нь бусад эмнэлгүүд дээр амжилттай хэрэгжихэд чухал нөлөө үзүүлэх юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нээлтийн үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Улсын лавлагаа шатлалын төв эмнэлгүүдийн хувьд “хагас бие даасан байдал” руу шилжиж буй нь анхны тохиолдол.

Манай эмнэлэг энэ тогтолцоо руу шилжсэнээр томоохон хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсний нэг нь хоёр талт эмийн сан буюу амбулаторийн эмийн санг улсын эмнэлгүүд дундаа анх удаа ажиллуулж эхэлж буй явдал юм.

Эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эмээ хайж авдаг байсан бол одоо манай хоёр талт буюу амбулаторийн эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай, хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдэж байгаа" гэв.

"УНТЭ-ийн нарийн мэргэжлийн 8 эм зүйч ард иргэдэд үйлчилнэ"

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дундаж эмийн хэрэглээ 30 мянган төгрөг байна гэдгийг тооцоо гарсан байдаг.

ЭМДЕГ-аас журам гаргаж, үйлчлүүлэгчийн эмийн худалдан авалтын тогтоосон дундаж үнийн буюу 30 мянган төгрөгийн 40 хувийг ЭМД-аас, 60 хувийг нь иргэн төлөхөөр зохион байгуулалтыг хийж ард иргэддээ илүү хөнгөлөлттэй үнээр цаг алдалгүй эмээ авах боломжийг олгож буйг Т.Мөнхсайхан захирал тайлбарлав.

Өмнө нь энэ төрлийн эмийн сан нээгдээгүй байхад ард иргэд заавал дүүрэг, өрхийн эмнэлэг дээрээ очиж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж, хөнгөлөлттэй авах, эсвэл 100 хувь мөнгөө төлөөд авдаг байсан бол одоо энэ төрлийн үйлчилгээ илүү ард иргэдэд ойртсон, санхүүгийн хувьд илүү дэмжлэгтэй болж байгаа аж.

Мөн тэрбээр "УНТЭ-ийн хувьд бүрэн цахимжсан. Эмчийн бичсэн жорыг эм санч цахимаар компьютер дээрээсээ хараад үйлчлүүлэгчдэд олгоно гэсэн үг. Үйлчлүүлэгчийн цаг хугацаа, чирэгдэл, үл ойлголцолыг арилгах юм” хэмээн онцлов.

УНТЭ-ийн амбулаториор өдөртөө дунджаар 2,500 хүн үйлчлүүлдэг бөгөөд тэдгээр хүмүүсийн 80-90 нь эмийн жор бичүүлж авдаг байна.

Харин түрээслэгч байгууллага, эмийн сангуудын хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд улс, хувь хоёр үйлчилгээ, чанараараа хоорондоо өрсөлдөх аж. Ингэснээр ховор эмийн үнийн хөөрөгдлийг барих, хязгаарлах зэрэг олон талын давуу талтай. 

Дээрх амбулаторийн эмийн сангийн 4 цонхоор, УНТЭ-ийн нарийн мэргэжлийн 8 эм зүйч ард иргэдэд үйлчлэх юм байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг