Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан билээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас улс орон даяар албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан, батлахад гар бие оролцсон УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд уг хууль өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж байгааг талаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1711303329007969/

Монгол Улсын Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монголын ард түмний төртэйгээ байгуулсан нийгмийн гэрээ буюу Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа. 1999, 2000 онд оруулсан өөрчлөлтүүдээ засаж, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагыг дагуу зохих тодруулга, өөрчлөлтүүдийг хийж, батлаад хүчин төгөлдөр болж байна. 

 
mpa.mn

1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд мөн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагаас хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн түүхтэй. 

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдааг цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийн хангасан зохицуулалт хийж чадсанаар улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн 20-30 жилд яаж удирдаж, зохион байгуулж явах вэ, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангах вэ, улс орноо яаж хангах вэ, иргэдийнхээ аж амьдарлыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгийг тогтоож чадлаа. 

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр 2000 онд хийсэн долоон өөрчлөлтийг засаж, залрууллаа. Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэндээ хүрч очиж, тэдний аж амьдралд бодитой дэмжлэг үзүүлж, дундаж давхрагыг өсгөж, улс орноо ядуурлаас гаргах боломжийг нээж өглөө. 

Парламентын ардчиллыг зөв гольдрилд оруулж, ард түмний засаглах эрхийг хангах, төрийн эрх мэдлийн хянат тэнцлийг оновчтой болгосон гэж үзэж байна. 

Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллуулах нөхцлийг бүрдүүллээ. 

Ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрхзүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарах 40 гаруй хуульд ард түмний хүсч байгаа шударга ёс, төрийн байгууллагын хариуцлага, төсвийн ил тод хяналттай байх нөхцлийг амьдрал дээр биелүүлэн буулгах ёстой юм. Органик хуулиуддаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нэг бүрчлэн нарийвчлан оруулж байж л сая үр дүнг нь үзэх болно" хэмээв. 

Ийнхүү 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.