Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгоно

ikon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/187448579093717/

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоо үргэлжилж байгаа.

Өнөөдрийн хуралдаанаар гаргасан онцлох мэдээллүүдээс хүргэе. Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг Засгийн газар баталлаа. Энгийнээр хэлбэл, галын шугаманд ажиллаж байгаа буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч цагдаа, онцгойгийн алба хаагчид, мэргэжлийн хяналт, хил, гаалийн албан хаагчид хамаарна.

Тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг БХБ-ын сайд болон хотын даргад даалгасан. Эхний тооцоогоор 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж үзсэн. Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгож, төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид хамрагдах боломжтой. Гол хэрэгжилтийг НОСК буюу хотын дарга С.Амарсайхан хариуцаж явна. Энэ нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцанд орохоос хөнгөвчилсөн нөхцөлтэй гэж ойлгож болно.

НОСК өнөөдрийн байдлаар 3,000 орчим өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг амжилттай зохион байгуулаад байгаа.

Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтраад шийдвэрлэх боломжтой гэж тооцоолсон. Маш ойрын хугацаанд 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулна" гэв.

Үргэлжлүүлэн ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Уг хөтөлбөрт хамрагдах төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдад нэмэлт шалгуур тавих уу?

- Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид гээд яг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, өөрийн гэсэн орон сууцгүй хүмүүсээ түрүүлж орон сууцанд оруулах бодлогыг барьж байгаа.  Зах зээл дээр өнөөдрийн байдлаар 4,000 орчим бэлэн орон сууц байгаа. Тэдгээрээс төр худалдаж аваад хөнгөлөлттэй нөхцөлөөр төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдадаа олгоно гэсэн үг. Сонгон шалгруулалт нь НОСК-иас өмнө нь хэрэгжүүлж байсан шиг нээлттэй байдлаар явна. Хүнээс хамаарах, ар өврийн хаалгаар шийдүүлэх асуудлыг аль болох үүсгэхгүй байхаар ажиллаж байна.

- Нийт хэчнээн төгрөгийн санхүүжилтээр энэ ажлыг хэрэгжүүлэх вэ, орон сууцыг яаж сонгох вэ?

- Орон сууцны м/кв-аас хамаараад 1-3 өрөө орон сууцны боломжийг хараад тооцоолол хийгдэж байна. Монголбанкны зүгээс 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Сангийн яамнаас хүүгийн татаас өгөх байдлаар тооцоо хийгдэж байгаа.