“Эрдэнэс Монгол” ХХК, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй компанийн чадавх, засаглалыг сайжруулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр /2020.04.07/ гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь хараат бус, бие даасан байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон хөрөнгө оруулалт татах зэрэг асуудалд хөндлөнгийн дүн шинжилгээ хийх замаар техникийн зөвлөмж өгөх юм. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалт, судалгаа, мэдээллээр хангахад хамтарч ажиллана.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “2019 онд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь манай компанийн засаглал, санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаар “Барьцгүй өсөлт” нэртэй тайланг гаргасан. Энэхүү тайланд тусгагдсан зарим асуудлыг бид анхааралдаа авч, хууль эрх зүйн орчин, ил тод нээлттэй байдлыг сайжруулах, ногдол ашиг болон охин, хараат компаниудын харилцааны талаар гаргасан зөвлөмжүүдийг нь судалж, тодорхой дүгнэлт хийсэн. Харин энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсанаар талууд олон чиглэлд хамтран ажиллаж боломж нээгдэж байна” гэв.
Мөн энэхүү хамтын ажилллагааны үр дүнд байгаль хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, баялгийн засаглалын сайн туршлага нэвтрэхэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж буйг тодотгов.
Ташрамд дурдахад, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь нийтийн эрх ашгийн төлөө байгалийн баялгийг ил тод, үр дүнтэй, хариуцлагатай удирдах засаглалын судалгаа хийдэг бөгөөд АНУ-д төвтэй олон улсын бие даасан, хараат бус төрийн бус байгууллага юм.
Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!