Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байгаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,310 иргэн байна. Эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байгаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд хэвийн явагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авах тохиолдолд заавал эмнэлэгт очихгүйгээр байгаа бичиг баримт дээр нь үндэслээд тэтгэмжийн хугацааг сунгаад явж байгаа.

Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэлтэй 7, бусад эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэдэд тусламжаа цаг тухайд нь үзүүлээд явж байгаа.

"Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй"

Иргэдээс өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш, өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна гэх мэт гомдлуудыг хэлж байна. Эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдээд, зодолдож байгаагаа зогсоомоор байна.

COVID-19 бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн. Иргэдээ 5 одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна.

Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уйлахаар нь, уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргаарай. Нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье" хэмээн ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.