Засгийн газрын гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан “Дүүжин тээвэр” болон “Тэнгэрийн тойрог” төслүүдийг нэгэн зэрэг танилцуулсан билээ.
Гэвч сүүлийн үед энэхүү хоёр төслийг нэг юм шигээр ойлгох явдал олны дунд гараад байгаа тул хоёр төслийн ялгааг товчоор хүргэе.
Төсөл санаачлагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Төслийн зорилго: Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах, төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн хэрэгжүүлэгч: Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан А/198 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдсоноор төслийн бэлтгэл ажлыг хийж байна. Төслийг агаарын дүүжин тээврийн технологиор дэлхийд тэргүүлдэг Францын “ПОМА” компани хэрэгжүүлэх юм.
Төслийн санхүүжилт: Энэхүү төслийн нийт өртөг зардал нь 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөг. Францын Засгийн газрын санхүүжилтээр 2020-2021 онд “Cable car”буюу “Дүүжин тээвэр”-ийн ТЭЗҮ-г хийж дуусгах бөгөөд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийнэ. Франц улсын тал үндсэн зээлийн төлөлтөөс 12 жил чөлөөлөх нөхцөлтэйгээр 60.7 сая еврогийн зээлийг олгох бөгөөд хөнгөлөлттэй зээл нь жилийн 0.07 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай байх аж.
Төслийн хугацаа: Хоёр чиглэлийн агаарын замыг 1.5-1.6 жилийн хугацаанд барих боломжтой.
Төслийн маршрут: Хойд шугам буюу Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэлх 4.9 км зам. Баянхошууны тойрог, Ханын материал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв гэсэн 3 буудал байх бөгөөд нийт 157 кабинаар иргэд үйлчлүүлнэ. Туулах хугацаа нь 16 минут.
Урд шугам буюу Долоон буудал-Дарь эх-Сансарын тойрог хүртэлх 2.9 км зам. ХААИС, Богд хааны ордон музей, Хүүхдийн ордон гэсэн 3 буудал байх бөгөөд нийт 78 кабинаар үйлчилнэ. Туулах хугацаа 8 минут байна.
Төслийн давуу тал: Агаарын дүүжин тээврийг Нью-Йорк, Москва, Лондон зэрэг дэлхийн олон хотод ашигладаг. Энэ тээвэр нь Монгол орны цаг уурт тохиромжтой бөгөөд -50, +50 хэмт ажилладаг байна. Агаарын зам нь 100 хувь цахилгаанаар ажиллах аж.
Төсөл санаачлагч: “Хотын зам” компани
Төслийн зорилго: Төслийн зорилго нь нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах юм. Төсөл хэрэгжсэнээр түгжрэл 46.5 хувиар буурч, хоногт 651,792 машин нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Төслийн хэрэгжүүлэгч: 2011 оноос түгжрэлийг судалж, давхар гүүрийг хаана, хэрхэн байгуулах судалгааг хийж эхэлсэн “Хотын зам” компани “Тэнгэрийн тойрог” төслийн хэрэгжүүлэгчээр ажиллах юм.
Төслийн санхүүжилт: Уг төсөл нь 800 сая ам.долларын өртөгтэй гэж тооцоолжээ. Энэхүү тээврийн хэрэгслээр км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө хэмээн тооцоолсон байна. Төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй бөгөөд 25 жилийн хугацаатай концессоор хийх аж.
Төслийн хугацаа: Энэхүү хоёр урсгал бүхий байгууламж нь 60-100 жилийн бүрэн баталгаатай.
Төслийн маршрут: 6-12 метр өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй гүүрэн байгууламж юм. Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Хан-Уул-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм гэсэн маршрутаар явна.
Төслийн давуу тал: “Хотын зам” компанийн тооцоолсноор хотын төвийг тойрсон тойрог хэлбэртэй гүүрэн зам дээгүүр цагт 54 мянган машин зорчих боломжтой. Түгжрэлд зарцуулагддаг шатах тослох материал хэмнэж агаарын бохирдол бууруулах, түгжрэлд алдаж буй цаг хугацаа, бухимдлыг арилгах бүрэн боломж бүрдэх юм байна.
Энэ бол “Дүүжин тээвэр” болон “Тэнгэрийн тойрог” төслүүдийн ялгаа. Энэ бол огт өөр хоёр төсөл юм.
Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх хүрээнд зөвхөн “Дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа юм биш. Цогцоор нь буюу автобусны парк шинэчлэлт, цахилгаан соронзон галт тэрэг, шинэ төрлийн такси үйлчилгээ, дүүжин тээвэр, тусгай замын автобусыг шинээр нэвтрүүлэх зэрэг олон төрөлт ажлыг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн шинэчлэлийг автобусны парк шинэчлэлт мэтээр ойлгож хэрэгжүүлсээр ирсэн. Гэвч энэ нь өдгөө зөвхөн автобусаа шинэчлээд, солиод өөрчлөгддөг зүйл биш гэдэг нь харагдаж байна. Иймд нийслэлийн Засаг дарга олон төрөлт нийтийн тээврийн шинэчлэлийг танилцуулж, ажил болгоод явж байгаа юм. Үүний нэг нь “Дүүжин тээвэр” төсөл билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!