Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: БНСУ дахь ЭСЯ-ны ажилтнууд нэгдүгээр хавьтагч болсон учраас шинжилгээнд хамрагдана

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-Гадаад орнуудаас монгол иргэдээ авчрах ажил үргэлжлэх үү?

-Олон оронд хичээл, сургууль хаагдсан. Барууны орнууд оюутнууддаа сургуульдаа, дотуур байрандаа ирэхгүй байж болно гэж соёлтойгоор мэдэгдэл өгч байна. Жишээ нь, Канадад байгаа оюутнууд дотуур байрнаасаа гарч эхэлсэн. Тэр оюутнууд гэртээ ирэхгүй өөр хаана байх вэ.

Тэгэхээр наашаа ирэх иргэдийн урсгал нэмж үүснэ. Өнөөдөр л гэхэд ОХУ-д байгаа манай оюутнууд гэр рүүгээ явна гэдгээ мэдэгдээд, Улаан-Үд рүү яваад эхэлсэн. Тэгэхээр Алтанбулагийн боомтоор тэдгээр хүy орж ирэх нь. ОХУ-д нийтдээ 2,000 монгол оюутан байгаа. Тэр оюутнуудын хичээл хаагдаад, дотуур байрандаа байх боломжгүй болбол нутагтаа ирэхээс өөр аргагүй. 

-Манай улсаас БНСУ-д Элчин сайдгүй байгаа нь хүндрэл учруулж байна гэдэг мэдээлэл бий?

-Сөүлийн тухайд бүх ажлаа ном журмын дагуу хийгээд явж байгаа. Наашаа ирэх иргэдийн бүртгэлийг цахимаар хийх шийдвэр өнөөдөр гарлаа. 

Өмнө нь манайхан өдөр шөнөгүй ажиллаж байсан. Элчин сайдын яамны ажилтнууд нэгдүгээр хавьтлын хүмүүс болж таарч байна. Тиймээс өнөөдрөөс шинжилгээнд хамрагдахаар эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ тавьж эхэлсэн. 

Элчин сайдын үүргийг н.Эрдэнэтуяа гэдэг хүн түр хамаарч байгаа. 

-АНУ-аас иргэдээ авчрах уу. Тийм хүсэлт тавьж байгаа юу? 

-Одоогоор тийм хүсэлт ирээгүй байна. Гэхдээ өөр улсуудаас ийм хүсэлт маш их ирж байгаа. 

-Гадаадад байгаа монгол иргэд халдвар авсан эсэхийг тогтоох шинжилгээнд хамрагдах боломжтой юу?

-Халдварын шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээнд хамрагдах боломжгүй. БНСУ 51 сая хүн амтай. Өдөрт 13,000 орчим хүнийг л шинжилгээнд хамруулж байна. 

Бид нэлээд хөөцөлдсөний дүнд манай өргөмжит консулын ажилладаг эмнэлэг өдөрт 20 хүний шинжилгээ хийх боломжтой гэдэг хариулт ирсэн. Үүнээс илүү хүчин чадал байхгүй гэсэн байна. Гэхдээ шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ хийхгүй. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.