Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Халдвар авсан манай улсын гурван иргэн 37, 50 болон 60 гаруй насны эмэгтэйчүүд

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр СOVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан Франц иргэний тохиолдлын хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй.

Франц иргэнтэй холбоотой хавьтлуудын шинжилгээ өмнө нь тодорхой мэдээлэгдсэн бөгөөд хавьтлуудын шинжилгээний хариу үүгээр дуусаж байна. Гэхдээ хавьтлуудын тусгаарлагдах хоног арай дуусаагүй.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу тус бүр сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсанд тандалт судалгаа хийж байна.

Мөн өчигдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг тохиолдол гээд нийт гурван хүний шинжилгээнд COVID-19 илэрч, Монгол хүнд СOVID-19 халдварын батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ.

Бид тухайн ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 61 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна.

Батлагдсан гурван тохиолдолтой холбоотойгоор хамт онгоцонд ирсэн хүмүүсийг тусгаарлаж, ажиглалтад аван ажиллаж байна.

Нэмж хэлэхэд 15 минутын хугацаанд хариу нь гардаг шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуур бидэнд бий. Тэр түргэвчилсэн оношлуураар бид онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийж үзэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Эхний мэдээ болгож авах түргэвчилсэн оношлуур байгаа нь бидний ажлыг жоохон ч гэсэн хөнгөлж байна" гэв.

Мөн тэрбээр "Халдвартай манай улсын гурван иргэн 37, 50 болон 60 гаруй насны эмэгтэйчүүд. Францын биеийн болон сэтгэл санааны байдал сайн байгаа" гэдгийг нэмж хэлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.