Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 133 иргэн тусгаарлагдсан. 59 иргэн гэрээр хяналтад байна.
УОК-ын хуралдаанаар эдгээр хүмүүсийн талаарх тодорхой мэдээллийг авч, холбогдох сайд нарт чиглэл өглөө.
Монгол Улсад коронавирусийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Франц улсын иргэний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа. Эхний үед Францын талаас тусгай онгоц явуулж иргэнээ татаж авъя гэж байсан ч биеийн байдал нь тогтворжиж байгаа учраас энэ яриа зогссон.
Өчигдөр орой УОК-ын гишүүдэд коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг дахин нягтлаад ЭМЯ-наас олон нийтэд мэдээлсэн.
Бид гадаадад байгаа иргэдийг татаж авна гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас бэлтгэлээ хангасан. Өнөөдөр тэдгээр хүмүүсийн ойр 750 орчим иргэн байгаа. Тэдгээр хүмүүсийг аль болох нэг өрөөнд цөөн хүн байхаар байранд тусгаарласан. Тэдгээр хүмүүсийг хяналтад авч, ойр ойрхон халууныг нь үзэж, оношлоод эмчлэх ажил хийгдэж байна.
Манай иргэд тайван байх хэрэгтэй. Бид бэлтгэлээ хангасан, хяналтдаа байлгаж байна. Түрүүний Франц иргэн шиг ийш тийшээ яваагүй. Хяналтад байгаа.
Мөн мэдээллийг зөвхөн УОК-оос авч бай. Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай гэдгийг хэлмээр байна.
Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй. Тайван байлгах хэрэгтэй.
Сүүлийн үед коронавирусийн халдвараар улс төрийн хонжоо олох гэсэн оролдлого гаргаж байна. Ингэж болохгүй гэдгийг анхааруулж байна" гэлээ.
-Халдвартай гурван иргэний биеийн байдал ямар байгаа вэ?
Д.Сарангэрэл: -Хувь хүний биеийн байдал, нэрийг зарлаад байх боломжгүй. Энэ бол хувь хүний нууцтай холбоотой асуудал.
Солонгосоос ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой. Берлинээс ирсэн зорчигчийн биеийн байдал хүндэвтэр байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс бидэнд мэдээлсэн.
-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэр үргэлжлэх үү?
Ө.Энхтүвшин: -Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг БСШУЯ-наас оруулж ирнэ. Энэ асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд өгсөн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!