УОК-ийн өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 3-ны 08:00 хүртэл хориглоод байсан билээ. Өнөөдрийн УОК-ийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж хоригийг хоёр цагаар наашлуулж 06:00 цаг болгожээ.
Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг “УОК 8 дахь удаагийн хурлаа хийлээ. Улаанбаатарын орох гарах урсгалыг энэ сарын 3-ны 06 цагт нээнэ. Нээснээр бид үзлэг, хяналтыг улам чангаруулна.
Мөн нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг энэ сарын 15-нд нээхээр болсныг бэлтгэл ажлаа эрт хангаж чадвал түүнээс өмнө экспортоо нээх тухай яригдлаа.
Замын-Үүдээр нүүрсийг төмөр замаар экспортлох бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Мөн Эрхүү, Улаан-Үдийн чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-н хүртэл цуцалж байна” гэв.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН ШИЙДВЭРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр болов. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллах юм. Мөн Батлан хамгаалах яамны харьяа Багабаян дахь амралтын газар болон Цэргийн төв эмнэлэгт 250 ор бэлэн байлгахаар шийдвэрлэв. Тусгаарлах байрыг:
Одоогоор сэжигтэй 16 тохиолдлыг нягталж байгаа бөгөөд 309 хүнийг түр тусгаарлаад байна.
Ашигт малтмалын экспортын тээврийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан жолооч нарыг ариутгал, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах юм. Мөн ачаа тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгов. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр боллоо.
2020 оны 03 дугаар сарын 01-ний 12.00 цагийн байдлаар Шинэ коронавируст халдвар дэлхийн 58 улсад бүртгэгдээд байна. Нийт 87003 хүн өвчилж 2977 хүн нас барсан бол 42134 хүн эдгэрчээ. Сүүлийн тав хоногт БНХАУ-д халдварын тархалт буурч байгаа ч Ази болон Европын орнуудад өвчлөл ихээр нэмэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!