10:24 2020/02/29
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (COVID-19)-тай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 29-ны байдлаар дэлхийн 55 улсад халдвар илэрсэн. COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 83,690 болж, нас баралт 2,861-д хүрээд байна.
Сүүлийн 24 цагийн дотор Шинэ Зеланд, Нигер, Беларус, Литва, Азербайджанд халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 321 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн сар гаруй хугацаандах хамгийн бага тохиолдол болж байна.
Дэгдэлт байдлаар тус халдвар тархаж байна. Италид 250 хүн шинээр халдвар авч, тохиолдлын тоо 560-д хүрсэн бол Иранд 104 тохиолдол нэмэгдэж, нийт 205-д хүрсэн байна. Сүүлийн гурав хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд халдвар гаднаас буюу импортоор орж ирсэн.
Тухайлбал, Иранаас 97 тохиолдол дэлхийн 11 улсад тархжээ. Мөн ДЭМБ-аас коронавирусийн эрсдлийн үнэлгээг дэлхийн нийтээр “маш өндөр” гэж үнэлсэн. Манай баруун бүс маш эгзэгтэй мөчид ирлээ” гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Буянжаргал" Дэлхийн 55 улсад халдвар бүртгэгдэж, нийт 85,220 халдвар илрээд байгаа эрсдэл ихтэй энэ үед бид үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллах хэрэгтэйг сануулж байна. Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар бид 51 сэжигтэй тохиолдлыг тусгаарлалтад авч ажиглалт хийж байна.
Шаардлага гарсан тохиолдолд ариутгал халдваргүйтлийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг ашиглана. Одоогийн байдлаархамтарч ажиллах хүсэлт гаргасан хувийн хэвшлийн байгууллагууд ирж байна. Нэмэлтээр гаргах байруудыг бид судалж байгаад ажиглалт хийх эсэхийг шийднэ. Бүгдэд нь баярлалаа. Өчигдөр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Такэши Касай, бүсийн орнуудын Эрүүл мэндийн сайд нартай онлайн хурал хийсэн.
Сонгдо эмнэлэгт өчигдөр сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтнийг шууд тусгаарласан ба мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан байна лээ. Одоогоор иргэний биеийн байдал хэвийн байна.
БНСУ-ын Бусан чиглэлээс ирсэн 17 иргэн бий. Тус иргэдээс халуунаа мэдээллээ өгөхгүй гэх зөрчил гарсан. Халуунаа мэдээлэхгүй гэсэн иргэнийг олж тогтоосон. Ер нь бол ийм үед иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэг дээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээс зориулалтын шүршүүр шаардаж, илүү зүйл нэхэж байгаа зөрчил гарч байна. Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маш өндөр туршлагатай. Тиймд өөрт нь болоод ар гэрт нь тусламж үзүүлэх гээд явж байгаа тангараг өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эсэргүүцэж, доромжлох шаардлага байхгүй. Хэрвээ одоо ийм байдал дахиж гарвал хуулийн хариуцлага ярих болно гэдгийг хэлье" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!