Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хятадын ард түмнийг зовох цагт Монголчууд элэгсэг, дотноор хандаж байгаад талархаж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид БНХАУ-д өөрсдийн зүгээс нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийг хандивлаж, өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэж өглөө.

Энэхүү арга хэмжээг 2019 онд Төвөдөд айлчилсан Монгол Улсын соёл, урлаг аялал жуулчлалын багийн төлөөлөгч нар зохион байгуулж байгаа бөгөөд тэд 2,000 бээлий,1,500 амны хаалт зэрэг нийт 3,000 орчим долларын өртөг бүхий нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл цуглуулжээ.

"Монгол Улсад маань амны хаалт хүрэлцэхгүй байгаа учраас бид эдгээрийг өөр улсаас цуглуулсан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлэхдээ “Бид олон жилийн туршид сайн хөршийн харилцаатай улс байж ирлээ. Шинэ коронавирусийн халдвар урд хөршид дэгдсэн тухай мэдээг бид асар их хүндээр хүлээн авч, энэ өвчний эсрэг хамтдаа шаналж, хүн бүр хичээн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Ухань хотод албан ёсны тусламж үзүүлэхээ амласнаас гадна энгийн иргэд бид ч гэсэн бага ч болов сэтгэлийн хандив цуглууллаа.

Энэхүү хандив маань Элчин сайдын яамаар дамжин БНХАУ болон Монгол Улсын хилийн боомт дээр ажиллаж байгаа албан хаагчдад хүрээсэй гэж хүсэж байна" гэлээ.

Мөн тэрбээр Монгол Улсад маань амны хаалт хүрэлцэхгүй байгаа учраас бид эдгээрийг өөр улсаас цуглуулсан гэдгийг онцлоод "Монголд жилд 590 мянга гаруй жуулчин ирдгээс 350 мянга гаруй нь Хятад улсын иргэн байна. Түүнчлэн Монголоос БНХАУ-руу давтагдсан тоогоор жил бүр хоёр сая гаруй хүн аялдаг. Тиймээс урд хөршид маань өвчин зовлон гарсан энэ үед бага ч болов сэтгэлийн дэм өгөх ёстой" хэмээн нэмж хэлсэн юм.

"Монголын ард түмэн элэгсэг, дотноор хандаж буйд БНХАУ-ын Засгийн газар болон иргэдийнхээ өмнөөс талархаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн Монголын сайхан зүйр цэцэн үгийн адилаар Хятадын ард түмнийг зовох цагт Монголын ард түмэн өөрсдийн сайхан сэтгэлийн үүднээс элэгсэг, дотноор хандаж байгаад БНХАУ-ын Засгийн газрын болоод Хятадын иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Түүнчлэн шинэ коронавирусийн халдвар гарсан цагаас хойш манай улсын Засгийн газар өндөр анхаарал хандуулж, хариуцлага, зохион байгуулалттайгаар арга хэмжээ авч, өвчний тархалтыг дээд зэргээр хязгаарлан барьж байгаа.

Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч маш өндрөөр үнэлж байна. Бид Засгийн газрынхаа удирдлага дор эвлэлдэн нэгдэж, бүх хүч бололцоогоо дайчилж, энэ өвчнийг дарах болно.

Цаашид хоёр улсын Засгийн газар энэ өвчнийг дарахад ойр дотно хамтран ажиллах болно гэдэгт итгэлтэй байна. Мөн өвчний тархалтыг Монгол Улсын хилээр оруулахгүй байх тал дээр бид хичээх болно” гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.