Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусээс илүү бусад төрлийн томуу, ханиадны тархалт улсын хэмжээнд 15% буюу АЮУЛТАЙ ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Б.Ану
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар гуравдугаар сарын 2-ныг дуустал хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Мөн үүнээс өмнө буюу нэгдүгээр сарын 6-нд болсон Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрсэн тул нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж байсан.

Улмаар нэгдүгээр сарын 20-нд хичээл цугалж долоо хоног хичээллээд шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой хичээл, сургуулийг орон даяар зогсоогоод байна.

Хэдийгээр хичээл, сургууль түүн дээр нэмээд цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоогоод байгаа ч томуу, томуу төст өвчний (ТТӨ) тархалт нэмэгдсээр 2020 оны IV долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн 15%-д хүрээд байна.

15% гэдэг нь  улс орон даяар сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагуудыг түр хаах, үзвэр, үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээ авах ёстой үзүүлэлт юм.

График 1, Амбулаториор үйлчлүүлэгсэдийн дунд ТТӨ -ий тархалт (% -аар), Эх сурвалж: ХӨСҮТ

 

Тодруулбал, 2014 онд гарч байсан Эрүүл мэндийн сайдын #358 тушаалд ТТӨ-ний тархалтыг дараах 3 байдлаар үнэлж арга хэмжээ авахыг тусгасан байна.

Үүнд: 

ТТӨ амбулаторийн үзлэгийн 5-9 хүртэлх хувийг эзэлж эхэлбэл:

  • Өрхийн эмчийн хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөөцийг зөв зохистой хуваарилж, хүргэх,
  • Лабораторийн шинжилгээний хариу хүлээлгүйгээр вирусийн эсрэг эм тамифлю-г хүнд өвчтөнд яаралтай хэрэглэхийг зөвлөх,
  • Түргэн тусламжийн үйлчилгээний унаа, эмч нарыг нэмэгдүүлэх, амбулаторийн эмч нарын ажлын цагийг уртасгасан ажиллуулах,

ТТӨ амбулаторийн үзлэгийн 10-15 хүртэлх хувийг эзэлж эхэлбэл:

  • Эмнэлгийн орны ачааллыг зохицуулах, орны тоог нэмэгдүүлэх,
  • ӨЭМТ-ийн эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх,
  • Эрсдэлтэй бүлгийн өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах,

ТТӨ амбулаторийн үзлэгийн 15  ба түүнээс дээш хувийг эзэлж эхэлбэл:

  • Цэцэрлэг, сургууль зэрэг хүүхдийн байгууллага, үзвэр, үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах гэж зааж өгчээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар хичээл, сургууль, цэцэрлэг, бусад нийтийн үйлчилгээнүүдэд хөл хорио тогтоогоод байгаа ч ТТӨ-ний дэгдэлт нийт амбулаторийн үзлэгийн 15%-д хүрээд байна.

Тэгвэл нийт өвчлөгчдийн дийлэнх нь 1-4 насныхан, цаашлаад 5-9 нас байгааг та бүхэн харж байна.

График 2, ТТӨ (насны бүлгээр) , Эх сурвалж: ХӨСҮТ

 

 

Идэвхтэй тархаж буй вирусийн хувьд А бүлгийн вирус он гарснаас хойш идэвхжсэн байгааг та бүхэн дараах графикаас харж болно.

График 3, Шинжилгээний сорьц, Эх сурвалж: ХӨСҮТ

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.