Өчигдөр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин коммунист намын улс төрийн товчооны гишүүдтэй уулзаж, шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэх ажлыг шууд удирдах багийг байгуулах шийдвэр гаргажээ.
Өмнө нь уг асуудлыг орон нутгийн удирдлагууд тус тусдаа хариуцан ажиллаж байсан бол одоо Хятадын Коммунист Намаас шууд удирдахаар болж байна.
Өнөөдөр өглөөний байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын тоо Хятадад 1,785 болж, амиа алдсан хүний тоо 55 хүрчээ.
Өчигдрийн уулзалтын үеэр Ши Жиньпин улс орон нь “хүнд хэцүү асуудалтай тулгараад байгаа”-г онцолж, үхлийн вирусийн тархалттай тэмцэх үйлсэд Хятадын бүх иргэд үндэс угсаа, ажил мэргэжил харгалзахгүйгээр идэвхтэй оролцохыг уриалжээ.
Бямба гарагт Австрали улсад коронавирусийн анхны дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна.
АНУ өнөөдөр буюу Ням гарагт коронавирусийн голомт болсон Ухань хотоос өөрийн иргэд, дипломат албан хаагчдыг татах тусгай үүргийн нислэг зохион байгуулах гэж байгааг The Wallstreet Journal мэдээлжээ.
Халдварын таван тохиолдол бүртгэгдээд байгаа Хонг Конгийн захиргаа Ухань хотын чиглэлийн нислэг болон төмөр замын тээврийг зогсоож, дунд сургуулиудыг хоёрдугаар сарын 17 хүртэл хаах шийдвэр гаргасан байна.
Бээжин хотын захиргаа өнөөдрөөс эхлэн хот хоорондын автобусны үйлчилгээг зогсоох шийдвэр гаргажээ.
Хятадын аялал жуулчлалын холбоо улс дотроо болон гадаад орнуудад жуулчдыг бүлгээр нь аялуулах үйл ажиллагааг энэ Даваа гарагаас эхлэн зогсоох болсон тухай CCTV суваг өчигдөр мэдээлсэн байна.
Шанхай хотын Диснейлэнд өчигдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьсан бол сар шинийн баярын үеэр иргэдийн бөөнөөрөө зорьдог Бээжин хотын Буддын шашны гол сүмүүдийг бас хаажээ.
Бямба гарагт баруун хойд бүсийн Циньхай муж (Хөх нуур) коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарласнаар Төвдийн Өөртөө Засах Орон халдвар илрээгүй Хятадын цорын ганц засаг захиргааны нэгж болоод байна.
Эх сурвалж: Reuters, South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!