Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэдэлгэр: "Жи-тайм" сүлжээний 11,400 хохирогчийн тодорхой хэмжээний хохирлыг барагдуулах боломжтой

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл түгээмэл тохиолдож буй болон олон хохирогчтой сүлжээний хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Б.Эрдэнэдэлгэр тодрууллаа.

- Цахим орчинд залилах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байна. Иргэд яг ямар үйлдэл хийгээд залилах гэмт хэргийн хохирогч болоод байна вэ?

- Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аяны хүрээнд өнөөдөр иргэддээ чиглэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэе.

Цахим гэмт хэрэг фэйсбүүк сүлжээнд хамгийн түгээмэл үйлдэгдэж байгаа. Фэйсбүүкт тавигдсан анхаарал татахуйц мэдээлэл, олны танил иргэдийн зураг нэрийг барьсан хэдий ч онцын шаардлагагүй, хэрэггүй гэж хэлж болох мэдээлллийг уншихаар нэвтэрч ороход нууц үг шаарддаг. Ингээд нууц үгээ оруулмагц залилагч этгээд фэйсбүүкт нь ороод ойр дотны хүмүүс рүү нь зурвас бичиж мөнгө авах, мөн интернэт банкны нууц үгийг нь мэдээд гүйлгээ хийж мөнгийг нь авсан гэмт хэргүүд бүртгэгдэж байна.

Фэйсбүүк залилангаас тооны хувьд цөөн ч илүү хохирол учруулж байгаа бас нэг төрлийн цахим залилан нь и-мэйл хаягаар ирж байгаа хуурамч мэдээлэлд итгэснээс үүдэж байна. И-мэйл хаягаар сугалаанд хожсон мэт, аль нэг өндөр хөгжилтэй орны иргэний өв залгамжлагч болсон тухай эсвэл олон улсын байгууллагын гадаад дахь сургалтад хамруулах талаар мэдээлэл явуулж, урьдчилан зардлын мөнгөө илгээ гэх агуулгатай мэдээлэл илгээж залилдаг. Мөн гадаад худалдааны чиглэлээр ажилладаг компаниуд харилцагч компанийнхаа и-мэйл хаягийн үсэг тоо бүрийг нэг бүрчлэн шалгадаггүйгээс төстэй хаягаар ирсэн данс руу мөнгө шилжүүлж залилуулдаг.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд, ААН-үүд мэдээлэлтэй, анхааралтай байх хэрэгтэй байна.

- "Жи-тайм" сүлжээний талаар мэдээлэл өгөөч?

- "Жи-тайм" сүлжээний хэрэгт 2017 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ сүлжээнд 40,000 гаруй иргэн элсэж,11,400 иргэн нийт 26 тэрбум төгрөгөөр хохирсон байдаг. "Жи-тайм" сүлжээнд элсээд элссэн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан 1,000 орчим хүнийг иргэний хариуцагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Олон хүн хамарсан учраас мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил гаруйн хугацаанд үргэлжлээд 2019 оны наймдугаар сард прокурорт шилжүүлсэн.

Прокурорын байгууллага хэргийг шүүхэд шилжүүлээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд хохирогчоор тооцогдсон иргэдийн тодорхой хэмжээний хохирлыг барагдуулах боломжтой. Цагдаагийн байгууллагаас зарим хариуцагчийн мөнгөн болон бусад эд хөрөнгийг битүүмжилсэн байгаа.

- Залилах гэмт хэрэг хэчнээн бүртгэгдэж, хэдэн хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?

- 2019 онд нийт 7,821 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 2,800 орчимд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

- Залилах гэмт хэргийн хохирогчийн хохирлыг барагдуулахад дунджаар ямар хугацаа шаарддаг вэ?

- Цагдаагийн байгууллагад хохирол барагдуулах чиг үүрэг байхгүй. Гэхдээ хохирол барагдуулахад зарцуулах мөнгөн болон бусад эд хөрөнгийг мөрдөн байцаалтын явцад битүүмжлээд хэргийг прокурорт, прокурор шүүхэд шилжүүлдэг. Шүүхийн шийдвэр ямар хугацаанд гарахаас хохирол барагдуулах хугацаа хамаарна.

Хохирол төлөгдөхгүй байх шалтгаан нь залилах гэмт хэрэг үйлдэж буй хүнтэй холбоотой. Ер нь залиланг өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, мөнгөгүй хүмүүс хийдэг. Өнөөдөр Танаас авсан мөнгөө өөр нэг хүнд өрөндөө өгдөг эсвэл аваад л өөр тийш нь шилжүүлээд хөрөнгийг үгүй хийсэн байдаг.

Тиймээс иргэд минь өмч хөрөнгөө хэн нэгэн хүнд шилжүүлэх гэж байгаа бол анхааралтай, болгоомжтой байгаач ээ.