Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зах зээлийн зарчмаар үнээ тогтооё Vs. Үнэ нэмэх хүсэлт нь үндэслэлгүй байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN

Шарын голын уурхайчдын төлөөлөл өнөөдөр “Шарын голын уурхайг дампуурлын ирмэгт хүргэж, 500 гаруй уурхайчныг ажил, амьдралгүй болоход хүргээд байна” сэдвээр Эрчим хүчний зохицуулах хороон(ЭХЗХ)-ы гадаа мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцад нийлүүлж буй нүүрсний тарифын үнээ нэмэх, цаашид зах зээлийн зарчмаар чөлөөлөх шаардлагыг гаргаж байгаагаа танилцуулсан бол ЭХЗХ-ны зүгээс үнэ нэмэх шаардлага нь үндэслэлгүй гэх тайлбарыг өгсөн юм.

Талуудын тайлбар, байр суурийг хүргэж байна.

"Шарын голын уурхай 47 тэрбумын алдагдалд ороод байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

"Шарын гол" ХК-ийн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар "2007, 2008 оноос алдагдалд орж эхэлсэн Шарын голын уурхайн алдагдал одоогийн байдлаар 47 тэрбумд хүрээд байна. Манайхаас бусад хувийн уурхай бүгд зах зээлийн зарчмаар үнээ тогтоогоод зарж байгаа. Зөвхөн манайд төрийн эзэмшлийн уурхайтай адил үнийн хязгаарлалт тогтоогоод байна. Төр Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун гээд өөрийн эзэмшлийн уурхайнуудынхаа өр, алдагдлын асуудлыг шийдээд, эрсдлийг нь даагаад явж байдаг. Гэтэл манайх эрсдлээ өөрсдөө дааж байгаа.

Компанийн зүгээс нэг тонн нүүрс 40,500 төгрөг байгааг 46,000-47,000 төгрөг болгох санал тавьсан байна лээ. Харин үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс үнийг чөлөөлөхийг шаардаж байгаа.

Шарын голын уурхай хамгийн бага цалинтай. Дундаж цалин 1.2 сая, доод хэмжээ 640 мянган төгрөг байгаа учраас бэлдсэн уурхайчдаа, ажиллах хүчээ говийн уурхайнууд руу алдаад л сууж байна. Ар гэрээ тэжээхээр хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг уурхайчдаа буруутгах арга байхгүй.

Компани болон үйлдвэрчний эвлэлийн зүгээс удаа дараа үнэ нэмэх шаардлага тулгарсан талаар хандаж байгаа ч хариу өгөхгүй өдийг хүрсэн учир өнөөдөр Шарын голоос зориод ирлээ" гэсэн юм.

"Шарын голын нүүрсийг бусад уурхайн нүүрсээс өндөр үнээр авдаг"

 
Гэрэл зургийг mpa.mn

ЭХЗХ-ны үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын тэнцвэртэй байдлыг хангаж ажилладаг бөгөөд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны зардлыг бодит өртөгтэй уялдуулан хянаж баталдаг. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг баталж, тооцоог зөвхөн хянадаг юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6,500 төгрөгөөр, 2018, 2019 онд тус тус 2,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 40,500 төгрөг байхаар тооцоог хянасан. Бусад уурхайн нүүрсний үнээс Шарын голын нүүрсний уурхайн үнэ өндөр өртөгтэй байдаг. Тодруулбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн 1 тонн нүүрс 29,070 төгрөг, Багануурын уурхайн нүүрсний үнэ 30,500 төгрөг байна.

Гэтэл Шарын голын уурхай болон уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс нүүрсний үнэ бодит өртгөөс 4,000-6,000 төгрөгөөр бага байгаа, нэмж өг гэдэг хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж байгаа боловч хуулийн дагуу үнэ тарифын саналаа ирүүлээгүй, үнэ нэмэх үндэслэлээ нотлоогүй учир Эрчим хүчний зохицуулах хороо тус компанийн нүүрсний үнийн тооцоог дахин хянах боломжгүй байна" гэв.

Шарын голын уурхай Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцад жилд дунджаар 1 сая тонн нүүрс нийлүүлдэг бөгөөд энэ нь нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 15 орчим хувийг үйлдвэрлэхэд ашиглагддаг юм байна. Тус уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлснээр 4-6 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого шаардагдах тул хэрэглэгчийн цахилгааны үнийг кВт.ц тутамд 2.0 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүсэх аж.