Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын хэргүүдийг сэргээн шалгах боломжтой юу?

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнгөрөгч Баасан гарагийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан билээ. Уг хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах боломжтой болж байгааг хууль тогтоогчид хэлж байв. 
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан үзээд Хууль зүйн байнгын хорооноос дээрх хуулийн төслийг боловсруулсан байна. 

Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойших хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрөв, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргийн улмаас нийт 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол 17 хүн хөнгөн гэмтэж, нэг хүнд хүндэвтэр гэмтэл тус тус учирсан тоо баримтыг ШЕЗ-өөс гаргасан байна. 

Уг хууль батлагдсанаар хуулийг буцаан хэрэглэх, сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар болон, хуульч Ж.Эрхэмбаатар нарын тайлбарыг хүргэж байна. 

Х.Нямбаатар: Одоо мөрдөн байцаалтын шатанд байгаа бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож байгаа

-Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгана гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар байнгын хорооноос хууль санаачилж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хуулийг баталсан. Ингэхдээ дараах агуулгаар хууль батлагдсан. 

Нэгдүгээрт, одоо мөрдөн байцаалтын шатанд байгаа бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг үүсгэсэн бүх хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт яригдахгүй. Зөвхөн мөрдөн шалгах хугацаа яригдана. Тухайн тодорхой төрлийн гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөөн хэлэлцэх хугацаагаар мөрдөн байцаалтын хугацаа тодорхойлогдоно. Үүнээс цаашаа дахин мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай ойлголт байхгүй. 

Хоёрдугаарт, прокурын хяналтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлыг шалгуулалгүйгээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгана. 

Мөн шүүхийн шатанд дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах тухай хууль батлагдсан. Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцуудтай бүрэн нийцэж байгаа. 

-Гэхдээ энэ хуулийн талаар шүүмжлэл гарч байна. Хуулийн маргаантай гэдэг ч юм уу? 

-Зарим хүн мэдэмхийрч, эрүүгийн эрх зүйн онол яриад байгаа. Эрүүгийн эрх зүйн онолоор материаллаг хэм хэмжээг буцаан хэрэглэх тухай ойлголтоор эрх зүйн байдлыг дээрдүүлдэг болохоос биш процессын хэм хэмжээгээр хөөн хэлэлцэх хугацааг буцаан хэрэглэх гэдэг ойлголт байх ёсгүй. 

Эрүүгийн хууль нь өөрөө тэр чигтээ материаллаг хууль. Тэр дунд цөөхөн тооны процессын хэм хэмжээг тусгасан байдаг. Үүнийн нэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлал. Угтаа бид үүнийг цаашид процессын хуулиар нь зохицуулбал зохимжтой. Өөрөөр хэлбэл, процессын хэм хэмжээ, материаллаг хэм хэмжээ хоёрыг ялгах ёстой. 

-Зарим хуульч энэ хуулийг практикт хэрэглэх ямар ч боломжгүй гэсэн байсан? 

-УИХ-ын баталсан хуулийг шүүх хэрэглэх үүрэгтэй. Эрүүгийн эрх зүйд зөвхөн материаллаг хэм хэмжээг буцаан хэрэглэж, эрх зүйн байдлыг дээрдүүлэх асуудал яригддаг. Бид сая эрүүгийн эрх зүй дэх процессын хэм хэмжээнд өөрчлөлт оруулсан. Манай улсын нэгдэн орсон конвенцуудын зохицуулалтын хүрээнд хууль батлагдсан. 

Одоо бүгд судлаач, эрдэмтэд болчихоод байна. Эрдмийн зэрэг цол хамгаалаагүй атлаа бүгд судлаачийн байр сууринаас асуудалд ханддаг. Эрүүгийн эрх зүйн онолын асуудлыг өөрт ашигтай байдлаар тайлбарладаг зохимжгүй үйлдлээ эрхэм судлаачид зогсооно уу. 

Ж.Эрхэмбаатар: Хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй гэж харж байна

-Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгахаар болж байна. Энэ хууль батлагдсанаар хуулийн маргаан үүсэх үү. Үүн дээр хуульчид ямар байр суурьтай байгаа бол?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй буюу ажиллагаа хийж байх явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд тэр хэргийг хаадаг. Хэрэв хэргийн яллагдагч өөрөө хүсвэл гэм буруутай эсэхээ шүүхээр эцэслэн тогтоолгож болно. 

Өнөөдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаагаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоосон, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон нийт 400 орчим хэрэг байгаа гэж ойлгосон. Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр эдгээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг хянаж, нягтлах шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болголоо. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн зорилго бол авагдсан нотлох баримтаар гэм буруутай нь тогтоогдож байвал буруутай этгээдэд ял өгөх. Бас нэг зорилго нь хохирогчдын хохирлыг барагдуулах буюу эрхийг нь сэргээх юм. Мөн хохирогчдын эрхийг сэргээх хүрээнд хамгийн гол зорилго бол хохирогчдын хохирлыг барагдуулах.

Гэхдээ нөгөө талд хэрэг нь хэрэгсэхгүй болсон 400 иргэний эрх зүйн байдал дордох ёсгүй. Эрх зүйн байдлыг дордуулсан аливаа хууль, тогтоомжийг Үндсэн хууль зөрчсөн гэж үздэг. 

Ял, зэмлэл хүртээнэ гэхээсээ илүү гэм буруутайг тогтоох нь учруулсан хохирлыг барагдуулах эрх зүйн үндсийг бий болгодог. Тухайн хүний гэм буруутайг тогтоосноор магадгүй сонгуульд нэр дэвших гэх мэт хуулийн хязгаарлалтуудад оролцох үндэслэлийг шүүх тогтооно. Эцсийн зорилго нь хохирогчдын хохирлыг барагдуулах шийдвэр гаргах юм.

-Мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болсон хэргүүд бий. Харин шүүхээр шийдэгдсэн хэргүүдийг сэргээн шалгах уу?

-Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд үүнийг сэргээн тогтоох хууль зүйн боломж байхгүй. Харин хуулийн төслийг уншихаар сэргээн шалгана гээд заачихсан байдаг. 

Хууль тогтоогчдын зүгээс яг ямар бодлого, томъёолол оруулж ирж байгааг хуульч хүний хувьд ойлгохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болчихсон байхад шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд эргэж харах, хянах хуультай. Энэ асуудлыг УДШ шийднэ. Энэ тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй гэж харж байна. Гэвч хуульд сэргээнэ гэдэг заалт орчихсон.