Хуулийн дагуу хилийн анги, тусгай салбаруудад хилийн эрлийн нохойг улсын хил хамгаалалтад ашиглаж байгаа тухай Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Хилийн эрлийн нохдыг сургах нь хамгийн чухал байдаг байна. Энэ хүрээнд тус газраас хийсэн ажлуудаа танилцуулсан юм.
Тухайлбал, Хилийн 0151 дүгээр ангийн “Албаны нохойн сургалтын төв”-ийн үржлийн нохойн байрыг шинээр барьж, сургалтын хотхоныг зааврын дагуу төхөөрөмжлөн, материаллаг баазыг бэхжүүлжээ.
Xилийн эрлийн нохойн анхан шатны сургалтыг 2017-2019 онуудад 45-60 хоногийн хугацаатай зохион байгуулж, албаны нохой сургагч, хөтлөгчийг нохойн хамт сургаж бэлтгэсэн байна. Цаашид цэвэр үүлдрийн үржлийн нохойг худалдан авч хилийн ангиудыг албаны нохойгоор бүрэн хангахаар төлөвлөжээ.
Хилийн 0243, 0101, 0151 дүгээр анги, ОХУ-ын ХАБА-ны Буриадын ХУГ-тай хамтран “Улсын хил хамгаалалтад албаны амьтад ашиглах нь” сэдэвт туршлага солилцох уулзалтыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулсан байна.
Улсын хил хамгаалалтад нохой чарга ашиглах анхны сургалтыг “Тэрэлж жаргал” ХХК-тай хамтран зохион байгуулсан бол нохой чаргыг улсын хил хамгаалалтад ашиглах арга зүйн сургалтыг 2018-2019 онд гурван удаа зохион байгуулсан тухай мэдээлэв.
Түүнчлэн хилийн 0252 дугаар ангийн Үйлдвэрлэл, технологийн цехэд чарга болон дагалдах тоног хэрэгслийг хийлгэж, зарим хилийн ангийг чаргатай болгосон байна.
Цаашид албаны нохойн ашиглалт, эзэмшилт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор “Албаны нохой 2020-2024” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх зорилт тавьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!