Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх гэж байгаа билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Сангийн сайдын хувиар тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Монголбанкны Ерөнхийлөгч асуудал боловсруулаад ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасан.
Төрийн болон арилжааны банкнаас авсан зээл, банк хооронд үүссэн харилцааг Монголбанк болон банкны системийнхэн тодорхой шийдэл гаргаж шийдье гэдэг санал оуулрж ирсэн. Үүнийг Засгийн газраар хэлэлцсэн. Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгосон.
Би байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн шийдвэр гарчихлаа. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг.
-Таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй, хаалттай бонд гаргана гэж байгаа?
-Засгийн газар бонд гаргахгүй. Нээлттэй бондыг хөрөнгийн зах зээл дээр зараад яваад байж болдог, хаалттай бонд бол зарагдахгүй гэсэн үг.
-Засгийн газар бонд гаргахгүй гэлээ. Тэгвэл хаанаас бонд гаргах вэ?
-Засгийн газар бонд гаргахгүй. Тэгэхээр Салхитын мөнгөний ордтой холбоотой компанийн л бонд байна байх.
-Бондыг эргэн төлөх хөрөнгө нь улсын төсвөөс гарах юм уу?
-Улсын төсөв үүнд оролцохгүй.
-Засгийн газрын энэ шийдвэрт ОУВС ямар байр суурьтай байгаа вэ?
-Удахгүй ОУВС-гийнхан ирнэ. Энэ асуудлыг ОУВС дэмжинэ гэж бодохгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!