Шинжаанд хоригдож байсан уйгарууд болон бусад муслим үндэсний цөөнхийг чөлөөлснөө Хятадын эрх баригчид мэдээлжээ.
Шинжааны захирагч Шохрат Закир өчигдөр Бээжинд сэтгүүлчидтэй уулзахдаа “улс төрийн боловсрол олгох төвүүдэд суралцаж байсан иргэд хичээлийн хөтөлбөрөө дуусгаж, хэвийн амьдралд шилжсэн” гэж мэдэгдсэн байна.
Олон улсын хамтын нийгэмлэг тус бүс нутагт нийтдээ 1.5 сая муслимыг улс төрийн боловсрол олгох төв нэртэй хуарангуудад хорьж, хүний эрх зөрчиж байгааг шүүмилждэг. Харин Хятадын засгийн газар тэднийг сайн дураараа үнэ төлбөргүй боловсрол эзэмшиж байгаа гэж тайлбарладаг байв.
Закир өчигдөр энэ талаар “Яг одоогоор бүх суралцагчид хичээлээ дуусгаад засгийн газрын дэмжлэгтэйгээр ажил олж, амьдралын нөхцлөө дээшлүүлээд байна” гэж мэдэгджээ.
Экстремист үзэл санааг арилгахын тулд тэдэнд хятад хэл, хууль эрх зүйн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж тэр тайлбарласан байна.
Харин хэчнээн хүн хоригдож байсан, тэднээс хэд нь суллагдсан зэрэг тоо баримтыг өгөхөөс Закир зайлсхийжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгресс Уйгаруудыг хамгаалах хуулийн төслийг дэмжсэн нь Бээжингийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Энэ явдлын дараа Хятадын засгийн газар Шинжааны нөхцөл байдлын талаар хүчтэй суртал нэвтрүүлэг явуулж эхэлсэн байна. Өнгөрсөн Баасан гарагт CCTV суваг Шинжаанд болсон террорист халдлагуудын дүрс бичлэгийг багтаасан баримтат киног үзүүлжээ.
“Шинжааны олон үндэстэн угсаатнуудын аж амьдралд терроризм аюул учруулж байхад АНУ хараагүй мэт өнгөрсөн. Харин одоо Шинжааны ард иргэдийн амьдрал дээшилж, хөгжил цэцэглэлтийн замдаа орсныг хараад АНУ-ын засаг захиргаа зориуд муухай харагдуулах ажиллагаа явуулж байна” гэж Шохрат Закир хэвлэлийн хурлын үеэр Вашингтоны бодлогыг шүүмжилсэн юм.
Эмнести Интернэшнл тэргүүтэй хүний эрхийн байгууллагууд уйгаруудыг чөлөөлснийг батлах баримт одоогоор олдоогүй байгааг мэдэгджээ. Шинжаан нь гадаад ертөнцөөс таслагдсан байдаг тул үнэн бодит мэдээлэл олж авахад хэцүү байгаа гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!