Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй сурагч өрсөлдөж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээн МҮЭСТО-д зохион байгуулагдлаа.

Тэмцээний эхний шатанд дүүргүүдийн ЕБС-ийн 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулжээ.

Эхний шатанд шалгарсан нийт 25 сургуулийн 9-10 насны 200 хүүхэд өнөөдрийн “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдөж байгаа юм.

"Ийм тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар 2018 онд 255 дугаар тогтоол гаргаж "Эрүүл шүд- Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг баталсан. 50 тэрбум төгрөгийн төсөвтэй, таван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийг бид энэ онд албан ёсоор эхлүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр төр, хувийн хэвшлийн 153 эмнэлэг ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь нийт 92,185 хүүхэд эрүүлжиж байна.

Хүүхдийн цоорсон шүдийг эрүүлжүүлж, тэдэнд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшил суулгах зорилгоор ийм тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна.

Энэ бол хүүхдүүдээ эрүүл мэндийн эрсдлээс хамгаалсан хамгийн чухал нэг үйл ажиллагаа. Учир нь шүдний өвчин нь өөрөө маш олон өвчний суурь болдог" гэв.

"Сүүн шүдийг арчлахгүй орхиж болно гэж ойлгодог нь маш буруу"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Ц.Байгаль “Шүд угаах тэмцээн нь зөвхөн зүгээр нэг тэмцээн болоод  л өнгөрөхгүй. Хамгийн гол нь энэ тэмцээн нь хүүхдүүдэд шүдээ тогтмол угаах нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сурталчлах зорилготой.

Бидний хийсэн судалгаагаар хүүхэд шүдээ угаах хэрэгтэй гэдгийг мэддэг мөртлөө яг хэрхэн зөв угаах тал дээр дутагдалтай байсан. Тиймээс шүдээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд үндсэн арга бол шүдээ зөв угаах гэдгийг ойлгуулах ажлыг эрчимжүүлж байна" гэлээ.

Мөн зарим хүмүүс сүүн шүдийг арчлахгүй орхиж болно гэж ойлгодог нь маш буруу. Учир нь хүүхдүүд сүүн шүдээ сайн арчилж сурч байж дараа нь ясан шүдээ эрүүл байлгах дадал зуршилд суралцана.

Хүүхдийн дадал зуршил тогтох нас нь 3-5 нас байдаг учраас тухайн насан дээр нь эрүүл мэнддээ хариуцлагатай хандах хэрэгтэйг сайн ойлгуулах зүйтэй.

Мэдээж ингэхийн тулд эцэг, эхчүүд өөрсдөө сайн үлгэрлэн дуурайлал үзүүлэх ёстой хэмээн Ц.Байгаль зөвлөсөн юм.

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчит ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 3,100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг сургалтад хамруулжээ.

Энэ хүрээнд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэсэн байна.

"Энэ арга хэмжээг ирэх жилээс эхлэн өргөн хэмжээнд зохион байгуулна"

Энэ тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлд бид 1-5 дугаар ангийн 3,100 багшийг сургалтад хамруулсан. Энэ нь багш нар өөрийн ангийн хүүхдүүдэд хэрхэн амны хөндийн эрүүл мэндийг сахих, тэр дундаа хэрхэн шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх сургалтыг зохион байгуулж, гарын авлагаар хангасан.

Өнөөдөр шүдээ хамгийн сайн угааж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг Улаанбаатар хотын сургууль, сурагч, багш нар тодорхой болно. Энэ арга хэмжээг ирэх жилээс эхлэн өргөн хэмжээнд зохион байгуулна.

Тэмцээний зорилго нь хүүхдүүдийг тэмцээнд бэлдэхдээ шүдээ зөв угааж чадаж байж эрүүл мэндээ хамгаалж чадна гэдгийг ойлгуулахад оршино" гэлээ.

Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтгаан, мөн амьсгалын замын халдвараас гадна 200 гаруй халдварт өвчний суурь болдог аж.

Судалгаагаар Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хот суурин газарт шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил нь өөрчлөгдсөн, нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаарх хүн амын мэдлэг, дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгааны нэг болж байна гэжээ.

Мөн 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 хувь гарсан байна.

 

Тэмцээнд оролцогч хүүхдүүдээс сэтгэгдлийг нь асуухад Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн сурагч Ж.Мөнхзул “Өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийсэн. Шүдээ угаахад хэцүү зүйл огтхон ч байгаагүй. Хүүхдүүддээ хандаж шүдээ зөв угаах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ шүдээ угаахгүй эсвэл буруу угаавал маш олон өвчин тусах аюултай” гэж үеийн хүүхдүүддээ зөвлөсөн юм.

Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн сурагч Н.Билгүүн “Шүд угаалтын аварга тэмцээнд оролцохоор 15 хоног бэлдсэн. Бэлдэх хугацаандаа багш нараасаа зөв угаах дадлын талаар олон шинэ зүйл сурч авсан. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, НШЭНТ-өөс хамтран зохион байгуулж буй тус тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой аж.

Тус тэмцээн нь таван үе шатаар шүд угаалтын аваргаа шалгаруулах юм.

Үүнд:

  1. Хүлээх өртөө
  2. Тест бөглөж мэдлэгээ шалгуулах, жигнэмэг идэж хиймлээр өнгөр тогтоох өртөө
  3. Шүд угаах өртөө
  4. Угаасан шүдийг будах өртөө
  5. Будагдсан өнгөрийг үнэлэх өртөө

Гэрэл зургийг Mpa.mn