Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Б.Бүлтэн, ikon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо үсэг" зохиолын 333 жил, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ойн хүрээнд тус үзэсгэлэнг Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд 2019 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг судалж, сурталчлах зорилгоор үндэсний номын сан Алтан сан хөмрөгтөө хадгалж буй сурвалж бичгүүд, түүхийн баримт гэрээ бичгүүд, соёмбо үсгийн дурсгал, бүтээл туурвилуудыг музей, хувь цуглуулагчдын ховор нандин эд өлгийн зүйлүүдтэй тулган, дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнд зээгт наамлаар хийсэн Соёмбо, Богд хаант Монгол Улсын туг, Богд хааны эх дагинад өргөмжилсөн навчит өргөмжлөл, Монголын нууц товчоо 1917 оны Цэнд гүний орчуулга, Намнансүрэнгийн уг эх Алтан навчит өргөмжлөл зэрэг МУҮНС-д хадгалагдаж буй болон хувь цуглуулагч Б.Амарсанаа, Дашчойлин хиийдийн Зүүн хүрээ коллежийн багш Ц.Мөнх-Эрдэнэ, Монголын Үндэсний музейтэй хамтран нийтдээ 100 гаруй үзмэр дэлгэгдэж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Нээлтийн арга хэмжээнд МУҮНС-аас эрхлэн “Монгол Улсын хаан VII Богд Жавзандамба хутагтын буман зарлиг“ Богд Жавзандамбын төвөд хэлээр туурвисан сүнбум зохиолыг уншигч, судлаачдад зориулан хэвлэн гаргаж буй номын нээлт, “Монголын эзэнт гүрэн” номыг улсын хэмжээний 376 нийтийн номын сангуудын уншигчдын хүртээл болгохоор МУҮНС-д гардуулан өгөх ёслолын ажиллагаа тус тус болж өндөрлөлөө.

Үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар Зүүн хүрээ коллежийн захирал Ц.Мөнх-Эрдэнэ “Соёмбо үсэг анх зохиогдохдоо монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдлийг илэрхийлсэн бичиг байсан. Энэ бэлгэдлээрээ орчин цагийн төрийн далбаанд залагдсан байдаг. Ийнхүү зохиогдсон цагаасаа эхлэн өдгөө хүртэл анхны зорилгоо хадгалан ирсэн тул соёмбо үсгийн ач холбогдлыг нийтэд таниулах, хойч үедээ утга учрыг тайлбарлах маш чухал” гэв.

Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамбын төвөд хэлээр туурвисан сүнбум зохиолын тухай Дамбадаржаа хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн эрхлэгч С.Баасандорж”Наймдугаар Богд Жавзандамба таалал төгссөний дараа модон баранд эмхтгэсэн төвөд зохиолыг хэдэн хэмжээ хэвлэж, хаашаа тарсан нь тодорхойгүй ч МУҮНС-д бүрэн бүтэн ганцхан хувь хадгалагдаж буй номыг олны хүртээл болгож эрдэмтэн судлаач нарт зориулж шинээр хэвлэлээ. Энэхүү номонд тухайн үеийн хутагт хувилгаадын урт наслах болон дахин төрөх ерөөлүүд, халхын долоон хошуу хаад ноёдуудад сургасан сургааль зарлиг гэрээслэл гэх мэтчилэнг багтаасан” гэлээ.

Түүх судлаач, Монголын эзэнт гүрэн номын зохиогч Л.Батэрдэнэ “Манай гэр бүлээсээ зохион хийж буй 5 үетэй төслийн нэг дүгээр үе “Монголын эзэнт гүрэн: Сургамж, Монгол Tartari, татаар бусад асуудлууд” ном 13 дугаар зууны үеийн түүхийг тухайн үед нь бичсэн хүний бүтээлүүдээс авч үзье гэсэн санаачилгаас үүдэн 1220-1265 онуудад  латин хэл дээр бичигдсэн 40 орчим бүтээл, эртний орос хэл дээр бичигдсэн 30 орчим бүтээл, мөн перс, араб хэл дээрх бичигдсэн нийт 100 гаруй материал дээр үндэслэн, 13 дугаар зуунд бидний их хаадтай цуг амьдарч байсан хүмүүсийн бичиж үлдээсэн зүйлсийг ямар ч нэмэлт хасалтгүйгээр ам дамжсан яриа бус, баримт дээр тулгуурлаж бичсэн онцлогтой” гэсэн юм.

Фото:

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn