Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга Зайсан-Офицеруудын ордон, Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврээр зорчив

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь очиж шалгаж, ажиллалаа.

Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсийн хамт эхлээд “Ленин клуб”-ын автобусны буудлын “U money” карт худалдан авах, цэнэглэх гэрээт цэгүүдээр орж, борлуулагчидтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэндээсээ Ч:30 номерийн автобусанд сууж, нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд, олон нийттэй уулзан, хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байгааг тодруулан асууж, цаашид юуг анхаарч ажиллах талаар нээлттэй санал солилцож ярилцсан юм.

Автобус өвлийн улиралд удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэхийг хүсэв

Зорчигчдийн зүгээс “Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл бий. Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх, смарт карт цэнэглэх цэгүүдийг олшруулах, өглөө эрт цагтаа онгойдог байх, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх” гэсэн саналуудыг Хотын Захирагчид уламжилж байв.

АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна

Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн цахим карт цэнэглэх нийт 539 цэгийн 318 буюу 59 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоол дээр, 124 буюу 23 хувь нь автобусны зогсоолоос 5-50 метрийн зайд, 38 буюу 7 хувь нь автобусны зогсоолоос 60-100 метрийн зайд, 59 буюу 11 хувь нь автобусны зогсоолоос 110-600 метрийн зайд байрладаг.

“U money” цахим карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна гэж “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагууд энэ үеэр Хотын Захирагчид мэдээллээ.

Автобусны тоог нэмэгдүүлэхийг даалгав

Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан Ч:65 Зайсан-Офицеруудын ордон, Ч:2 Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврээр зорчиж, чиглэл тус бүрт зорчигчдын үйлчлүүлэх ачаалал ямар байгаа болон автобусны жолооч нарт тулгамдаж буй асуудал юу байгааг асууж ярилцан, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд ая тухтай цэвэр орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгав.

Мөн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа тухай тэрбээр иргэдтэй уулзах үеэр дурьдлаа.

Хотын захирагчийн зүгээс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад “U-money” цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавьж ажиллах, автобусны буудлуудад ажиллахгүй байгаа карт борлуулах цэгийн ТҮЦ-үүдийг буулгах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “U money” картны хялбаршуулсан үйлчилгээ, аппликейшний нэмэлт хөгжүүлэлтэд анхаарч иргэдэд ойлгомжтой, хүндрэлгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, олон нийтэд сурталчилж ажиллахыг хүслээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг