Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо.
Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо багасч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.
Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас таван тэрбум, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулсан ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь том дэвшил юм. Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 орчим айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ чин сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг дэд бүтцийн төвийн нээлт болж байна. Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ гэдгийг дуулгахад таатай байна.
Мөн энэ мэтчилэн дэд бүтцийн төвүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Одоо айл өрхүүд гаднах тохижилтондоо анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах байх аа. Та бүхний идэвх, хүчин зүтгэлээс хэрхэн сайхан орчинд амьдрах бүх зүйл хамаарна” гэв.
Тус хорооноос сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Өөрийн өмчлөлийн газарт байшин бариад, дулаанаа аваад, цэвэр бохир усны шугамд холбогдоод тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж байгаа энэ ажил бол 21 дүгээр зууны соёлын хувьсгал юм. Өнөөдрийн төр засгийн хийсэн хоёр том алхмын нэг нь утаатай тэмцсэн ажил. Хоёр дахь нь өнөөдөр нээж байгаа “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалт юм.
Иргэд газраа зарахгүйгээр, орон сууцаар солихгүйгээр газар дээрээ байшин барьж, инженерийн дэд бүтцэд холбогдож амьдарснаар хотжилтын алдааг засаж байгаа юм. Дэд бүтцийн төвийг Улаанбаатар хотын олон байршилд барина. Өнөөдөр нээж байгаа төв бол эхлэл нь” хэмээсэн юм.